ЭМЯ-наас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.06/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЗТХЯ-наас цаг үеийн байдалтай холбогдуулан зам, тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан юм.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Энхболд: “Иргэний нисэхийн салбарт 2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн БНХАУ-д нислэг үйлдэх ёстой байсан нэгдүгээр сарын гурван нислэг, хоёрдугаар сарын нийт 20 нислэг, гуравдугаар сарын хоёр нислэгийг өнөөдрийн байдлаар түр цуцлаад байна. Мөн иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа алба хаагчдад урьдчилсан зааварчилгаа өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллаж байна.
Төмөр замын чиглэлээр ням гарагаас бусад гаригт БНХАУ руу галт тэрэг аялж байгаа. Өнөөдрөөс эхлэн Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн 3, 4 дүгээр галт тэргийг ОХУ-ын хүсэлтийн дагуу зогсоож байгаа. Бусад галт тэргүүд бүгд аялж байна. Гэхдээ агаарын болон төмөр замын тээврээр Монгол Улсын иргэдийг БНХАУ руу аялахгүй байх заавар чиглэл өгч байгаа. Гэхдээ зайлшгүй ажлын шаардлагаар гарах бол Хил хамгаалах газраас зөвшөөрөл олгож ажиллаж байна.
Авто тээврийн чиглэлээр БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээг гаргахгүй. Мөн өнөөдрөөс эхлэн боомтуудыг түр хугацаагаар хаасан. Иймд зорчигчдыг зөвхөн агаарын болон төмөр замын тээврээр тээвэрлэхээр шийдвэрлэсэн” гэдгийг мэдээллээ.
Эх сурвалж: ЭМЯ