Токиогийн олимпийн наадам эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Япон улс хамгийн сүүлд 1964 онд олимп зохион байгуулж байсан. Тухайн үед гадаадын хөгжөөн дэмжигчид нийслэлээс Осака хүрдэг 200 км/ц-ийн хурдтай галт тэргийг нь гайхан биширч байсан билээ.
Тэгвэл энэ удаад тэд ямар сюрприз бидэнд бэлдээд байна вэ? Наадмын үеэр ашиглах технологиуд нь цаг үеэсээ давсан гэж зохион байгуулагчид нь мэдэгдэж байна. Үүнээс гадна Токиогийн олимпийг түүхэн дэх хамгийн эко олимп болно гэж байна.
Нээлтийн ёслол дээр юу болох вэ?
-Нээлтийн ёслолын үеэр Японы хүүхэлдэйн кино, компьютер тоглоомын баатрууд оролцох магадлалтай. Сон Гоку, Дораэмон, Сэйлор-мун, Марио гээд л. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Риогийн олимпийн хаалтын үеэр Мариогийн хувцастай гарч ирсэн болохоор бид Токиод хөгжилтэй сантехникчтэй дахин учрах бололтой.
-Японы Засгийн газрын сайтад мэдээлснээр ёслолын ажиллагаан дээр 3 хэмжээст видео маппинг ашиглах нь ээ. Проекторуудаар том объектуудын дүрсийг дамжуулж, бодит мэт харагдуулна.
-Үүнээс гадна зохион байгуулагчид хиймэл солирын бороо үзүүлнэ гэж амлажээ. Задгай сансарт байх хиймэл дагуул тусгайлан бүтээсэн хэсгүүдийг цацаж, тэр нь агаарт шатаж, өнгө өнгийн гэрэл гаргана. Энэ үеэр хүн бүр хүслээ шивнэх боломжтой.
Иргэд нь олимпийг хэрхэн хүлээж байна вэ?
-200 мянга гаруй хүн Токиогийн олимпийн сайн дурын ажилтан болох хүсэлт ирүүлснээс 80 мянгыг нь л авчээ. Тэдний дунд ирэх зун 92 нас хүрэх Сэцүко Такамизава ч байна. Тэрбээр 1964 онд оролцох боломжоо алдсан болохоор одоо нөхөхийн тулд англи хэл сурч байгаа гэнэ.
-Наотоши Ямада дэлхийн олимпийн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч гэж хэлж болно. Тэрбээр 1964 оны олимпоос хойш зуны нэг ч олимпийг алгасч байгаагүй. Оролцох бүртээ кимоно, алтан малгайгаа өмсөн гарч ирдэг. Тэрээр 2020 оны олимпийг үзнэ гэж байсан боловч 2019 оны зун таалал төгсөж, япончууд төдийгүй дэлхий нийтээрээ гашуудсан юм.
-Олимпийн бамбарыг буухиалах ажилд оролцож байгаа 92 настай Ясужи Хирашаваг 1964 оны олимпоор өвчтэй гээд оруулаагүй юм. Тухайн үед өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарладаг байсан аж. Харин одоо тэрбээр олимпийн бамбарыг буухиалахад залуустай хамтран оролцож байна.
-Олимпийн бамбар буухиалж буй хамгийн өндөр настай хүн бол 102 настай Шёзи Томихиша юм. 1945 оны Хирошимагийн бөмбөгдөлтийн үеэр цацрагийн хордлогод орсон тэрбээр 97 наснаасаа хойш хөнгөн атлетикаар хичээллэж, 100 насандаа 100-104 насны эрэгтэй ангиллын 60 метрийн гүйлтээр дэлхийн дээд амжилт тогтоосон юм.
Жуулчдыг хаана байршуулах вэ?
-Токиод олон жуулчин байршуулна гэдэг амаргүй даалгавар. Орон сууцны сантиметр квадрат талбай бүр алт шиг үнэтэй энэ хотод капсул зочид буудал алдартай. Олимпод зориулан ийм зочид буудал олныг барьжээ. Ийм зочид буудалд нэг шөнийг өнгөрөөхөд 20 доллар. Харин олимпийн үеэр 150 доллар болж өснө.
-Зочид буудлын хүрэлцээг түрээсийн тусгай үйлчилгээний тусламжтайгаар байраа түрээслэх хүмүүстэй холбогдон шийдэж болно. Тэгэхээр олон хөгжөөн дэмжигч, тамирчдын гэр бүлүүд энгийн байр, сууцанд амьдарна гэсэн үг. Ийм байрны хоногийн түрээс олимпийн үеэр 837 доллар болно.
-Ингээд ч хангалтгүй. Тиймээс томоохон усан онгоцыг эрэгт байршуулж, хөвдөг зочид буудал нэмж гарахаар төлөвлөж байна.
Олимпод зориулан юу барив, өөрчлөв, нураав?
-Цэнгэлдэх хүрээлэн, бассейн, дугуйн зам гээд 42 спорт байгууламж барьж, өөрчилж, шинэчилжээ. Барилгын ажилд аль болох хоёрдогч түүхий эд ашиглахыг хичээсэн байна.
-Нээлт, хаалт болох олимпийн гол цэнгэлдэх хүрээлэнг 1964 оны олимп зохион байгуулсан цэнгэлдэх хүрээлэнгийн газар дээр 36 сарын дотор босгожээ.
-Эхэндээ цэнгэлдэх хүрээлэнг Захи Хадидын төслөөр барих гэж байсан боловч удтал маргаан дэгдсэн тул хоригложээ. Японы архитектор Арата Ишозаки Хадидын төслийг яст мэлхийтэй төстэй болохоор Япон улс живэх гэж байгааг бэлгэдсэн мэт гэж мэдэгджээ. Албан ёсны мэдээлэлд бол барилгын өртөг хэтэрхий өндөр тул төслийг зогсоосон гэжээ.
-Шинэ уралдаанд Кенго Кума ялсан юм. Түүний төслөөр барьсан цэнгэлдэх хүрээлэн японы уламжлалыг илүүтэй санагдуулсан байна.
-Японд Азийн бусад орнуудын адил цахилгаан дамжуулалтын шугамын асуудал хурцаар тавигддаг. Хотын нүүр царайг гутаадаг гэж үздэг цахилгааны шонгуудыг авч, газар доогуур дамжуулах гэж хэд хэдэн удаа үзсэн боловч хэтэрхий үнэтэй гээд больж байсан түүхтэй. Тэгвэл олимп болохтой холбогдуулан 7 тэрбум доллараар энэ асуудлаа шийдвэрлэж байна.
-Олимпийн өмнөхөн шинэ төрлийн Синкансэн хурдны галт тэргээ танилцуулна. Соронзон таталцлаар Токиогоос Нагоя хүртэл 500 км/ц хүртэл хурдална гэхээр ниссэнтэй ялгаагүй гэсэн үг.
-Булангийн эрэгт байгуулсан олимпийн тосгоныг олимпийн дараа орон сууцны хороолол болгоно. Тамирчдын өрөөнүүдийг байр болгож 2023 он гэхэд худалдаанд гаргана.
Нийгмийн амьдрал яаж өөрчлөгдөх вэ?
-Олимпийн үеэр 600 мянгаас 1 сая хүртэлх гадаадын жуулчин ирнэ гэсэн тооцоолол байна. Энэ үеэр замын ачааллыг бууруулах зорилгоор зарим компани ажилтнуудад наадмын үеэр гэрээс ажиллах санал тавьжээ. Үүнд Mitsubishi, Toyota зэрэг компани орж байна. Ажилтнууд зайнаас ажиллах сорил өгөөд боломжтой гэж тодорхойлжээ.
-Олимпийн үеэр насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлүүд гарахгүй.
-Засгийн газраас ресторануудад тамхи татахыг хориглосон шийдвэр гаргахаа хүлээн зөвшөөрчээ.
-Олимпийн өмнөхөн Засгийн газраас хүн амынхаа гар утасны эвдрэл гэмтлийг шалгахаар болж байна. Энэ зорилгоор улсынхаа өнцөг булан бүрт хакерууд илгээж, гэрийн болон оффисын сүлжээнд нь нэвтрэх оролдлого хийлгэж байна. Хэрвээ тэд вэб камер, роутер, гар утас, компьютер зэрэг рүү нь амархан нэвтэрч байвал эзэнд нь мэдэгдэж, аюулгүйн зөвлөмж хүргэх гэнэ.
Тамирчид, хөгжөөн дэмжигчдийг халуунаас хамгаалахын тулд юу хийх вэ?
-Токиогийн олимп түүхэн дэх хамгийн халуун олимп болох төлөвтэй. Учир нь Токиод зуны цагт 40 градус хүрч халдаг бөгөөд 2018 онд хэт халуунаас болж 100 орчим хүн нас барсан юм. Тиймээс Японы засаг захиргаа халуунаас хамгаалах бүхий л арга хэмжээг авах гэж байна.
-Хотод хэт ягаан туяаг ойлгодог гадаргуутай шинэ төрлийн асфальтан зам тавьсан байна. Ингэснээр зам энгийн замаас 10 градусаар бага халж, агаарт бага дулаан ялгаруулна гэсэн үг.
-Хүн олноор цугларсан газарт хөргөх сэнс байршуулна. Мөн гудамжийг байнга чийглэн, машинаар ус шүршиж, цэнгэлдэх хүрээлэнд дэвүүр, малгай тарааж, дэлгүүрүүдэд сэнстэй малгай хүртэл зарахаар төлөвлөжээ.
-Марафон гүйлтийг Японы хойд хэсгийн Саппоро хотод зохион байгуулна. Уралдааныг өглөөний 7 цаг эхэлнэ гэхээр илүү сэрүүн нөхцөлд явуулна гэсэн үг юм. Гадаа болох зарим тэмцээнийг орой, эсвэл өглөө зохион байгуулахаар болж байна.
-Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болох гол цэнгэлдэх хүрээлэнг тусгай тээврээр тоноглож, салхи нэвтрэх боломжтой болгож байна. Энд 185 том сэнч, 8 хөргөх төхөөрөмж байршуулна.
Хэлний саад бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?
-Panasonic компани Пенчаны өвлийн олимпийн үеэр зөөврийн Fukidashi хэмээх орчуулах төхөөрөмж нэвтрүүлсэн. Хоёр талдаа дэлгэцтэй энэ төхөөрөмжийн нэгэнд нь үгээ хэлэхэд нөгөө талд нь тухайн орны хэлээр гарч, хариу өгөх боломжтой болж байгаа юм. Энэ төхөөрөмж дээрээ хэл нэмжээ.
-Зарим ресторанд QR код цэсэндээ оруулж байна. Үүнийг сканердаж авахад шаардлагатай хэл гар утсанд нээгдэнэ. Энэ мэтчилэн олон арга хэрэглэж байна.
Экологид хэрхэн анхаарч байна вэ?
-Toyota компаний 3700 гаруй тээврийн хэрэгсэл олимпод зориулан гаргаж байна. Тэдгээрийн 90 хувь нь цахилгаан, устөрөгчөөр явдаг юм.
-Олимп зохион байгуулагчид хоол хүнсний хаягдлыг багасгах асуудалд анхаарч байна. Энэ дагуу хоол хүнсний тохирох хэмжээг гаргаж байна. Зарагдаагүй үлдсэн барааг цуглуулж, бусад арга хэмжээнд хэрэглэх буюу хэрэгтэй хүмүүст нь хандивлаж, хаягдлаар нь бордоо хийнэ.
-Хуванцрын хаягдлыг багасгах зорилгоор олимпийн объектууд дээр хэрэглэх сав суулгын ихэнхийг нь олон удаа ашиглах хуванцраар хийнэ.
-Сэргээшийн дээж авах хэрэгслүүдийг ч дахин боловсруулдаг материалаар хийнэ.
-Тамирчдад зориулсан өрөөнүүдийн 18 мянган ор, матрасыг дахин боловсруулдаг материал, тэр дундаа картон цаасаар хийжээ. Энэ ор 200 кг хүртэл даах чадвартай, модноос ч бат бэх гэж олимпийн тосгоны ерөнхий менежер Такаши Китажима тайлбарлаж байна. Олимпийн дараа орнуудыг хурааж, дахин боловсруулах аж.
-Олимпийн бамбарыг дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийсэн. Энэ хөнгөн цагааныг 2011 оны газар хөдлөлтийн дараах түр орон сууц байгуулахад ашиглаж байсан гэнэ.
-Тэр ч байтугай медалийг ч дахин боловсруулсан материалаар хийсэн. Шаардлагатай бүхий л металлыг гар утасны дотроос авсан. Иргэд нь Засгийн газрын уриалгаа дэмжиж 50 мянган тонн хуучин гар утсаа өгчээ. Эндээс 32 кг алт, 3500 кг мөнгө, 2200 кг хүрэл гаргаж авсан нь 5000 медаль хийхэд хүрэлцжээ.
-Олимпийн медальтнууд гарах тавцанг хүртэл далайгаас авсан хуванцрын хаягдлыг дахин боловсруулж хийжээ. Олимпийн дараа заримыг нь дурсгал болгон хадгалах бол үлдсэн хэсгийг нь P&G-ийн бүтээгдэхүүний савлагаанд дахин боловсруулахаар өгнө.
-Японы шигшээ багийнхны хувцсыг Asics компани дэлгүүрт байршуулсан тусгай хайрцгийн тусламжтайгаар хүн амаас цуглуулсан хуучин хувцсыг дахин боловсруулж хийжээ. Техникийн ажилтнуудын дүрэмт хувцсыг ч мөн хоёрдогч түүхий эдээр оёсон байна.
-Олимпийн объектуудад хэрэглэсэн бүх модыг дараа нь цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, барилгын хэсэг зэрэгт ашиглана.
Эх сурвалж: adme.ru