ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Учир нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна. Тиймээс энэ өвчин оргил үе рүүгээ дөхөж байгаа юм байна гэсэн ДЭМБ-ын хандлагууд гарч ирж байх шиг байна.
Үүнтэй уялдуулж өнөөдрийн хуралдаан боллоо. БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор энэ асуудлуудыг давхар шийдэхээс өөр аргагүй болж байгаа юм. Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна.
Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийвэр гарсан. Тухайлбал, шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүнүүдийг хориглох шийдвэр гарч байна. Мөн хилийн боомттой холбоотой асуудал яригдлаа. Одоогоор ихэнх боомт хаагдсан байгаа. Замын-Үүд, Буянт-Ухаа, Шивээ хүрэн, Гашуун сухайт гэсэн дөрвөн боомт хүндрэлтэй байгаа. Гаднаас ирэх Монгол улсын иргэдийн хүсэлт нэмэгдэж байна. Өчигдөр 360 орчим иргэд ирсэн. Дахиад ч ирэх хүсэлтэй хүмүүс их байна. Тэгэхээр хилийн боомтууд дахь ариутгал, халдваргүйжүүлэлтийн асуудал ярвигтай болж ирж байна. Ялангуяа Замын-Үүд боомт дээр.
Тэгэхээр энэхүү боомтууд дээр Онцгой комиссоос ажлын хэсэг ажиллах шаардлагатай байна.
Хил хамгаалах, Гааль, Мэргэжлийн хяналтын байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудын хангамж хүрэлцээ ямар байгаа. Хилийн боомт дээр ариутгал, халдваргүйжүүлэлт зөв хийгдэж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт шалгалт хийж, заавар зөвлөгөө өгөх шаардлагатай. Тиймээс маргааш ажлын хэсэг нисэх онцгоор шаардлагатай газруудад ажиллахаар гарах гэж байна” хэмээв.
Н.БАТАА