Манай орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Ялангуяа найман аймгийн 36 сумд цагаан зуд нүүрлэснийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тухайлбал, Завханы 11, Увсын долоо, Хэнтийн зургаа, Хөвсгөлийн дөрөв, Архангай, Сүхбаатарын тус бүр гурав, Дорнодын болон Ховдын нэг сум зудтай байна. Өнгөрсөн сарын дундуур есөн аймгийн 41 сумд цагаан зудын гамшиг нүүрлэсэн байв. Түүнээс хойш цаг агаар харьцангуй тогтуун, дулаан байсан тул зарим нутагт өвөлжилт хэвийн болсон гэнэ.
Цаашид хүйтэрч, цас нэмж орвол зуд болох эрсдэлтэй 16 аймгийн 58 сум бий. Ташрамд дурдахад, цас их унаж, хүйтэнтэй хавсрахыг цагаан зуд гэдэг. Энэ нь удаа дараа цас орохын зэрэгцээ хүйтний эрч эрс чангаран, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч нь муудаж, олноор хорогдох эрсдэлийг ийн нэрлэдэг аж.