Залуусын дуу хоолой чуулган дээр “Remo Media”-ийн үүсгэн байгуулагч Б.Намнандорж “Хуурамч мэдээлэлийг хэрхэн таньж мэдэх талаар ярьсаныг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Мэдээллийг ерөнхийд нь мэдээ, ухуулга, үзэл бодол, сурталчилгаа, энтертайнмент гэж тав ангилдаг. Харин бодит бус мэдээллийг (misinformation) хуурамч мэдээ, хов жив, ухуулга, шоглоом, дам яриа гэж хувааж болдог. Бодит бус мэдээлэл нь мөнгө олох, хандалт авах, үзэл бодол гуйвуулах, хувийн мэдээлэл цуглуулах зэрэг далд зорилгыг агуулах нь бий. Тиймээс аливаа мэдээллийг уншихдаа энэ нь зөвхөн мэдээлэх зорилго агуулж байна уу эсвэл намайг ятгах, ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ зарах, үзэл бодолд нөлөөлөх далд санаа агуулж байгаа эсэхийг байнга эргэцүүлэх хэрэгтэй.
Дараах шаардлагуудыг хангасан контентыг чанартай сэтгүүл зүйн бүтээл гэж үзнэ.Үүнд: Эх сурвалж нь баталгаатай, агуулга нь зөв, баримттай, шударга байдлыг хангасан, хариуцлага хүлээх эзэнтэй, төвийг сахисан байх.
Хэрхэн хуурамч мэдээлэлд хууртахгүй байх вэ?
- Нийгмийн сүлжээнд танихгүй хүнтэй найз болохгүй байх
- Зорилго нь тодорхойгүй групп, хуудсуудад нэгдэхгүй байх
- Таны мэдээлэл авч буй фэйсбүүк хуудасны нэр өөрчлөгдсөн эсэхийг шалгах
- Зурган хайлт хийх (Tineye, Google image search зэргийг ашиглаж тухайн зураг анх хэзээ, хаана ашиглагдсаныг тогтоож болдог)
- Тухайн мэдээллийг бичсэн сэтгүүлчийн бусад мэдээ, нийтлэлийг шалгаж үзэх
- Phishing буюу хувийн мэдээллээ хакердуулахаас сэргийлэх (дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл коммент дээр байгаа линк рүү дарж ороорой гэсэн урхиас зайлсхийх)
- Гарчиг уншиж мэдээний агуулгыг дүгнэхгүй байх
- Тухайн мэдээний он, сар, өдрийг шалгах (хоцрогдсон мэдээлэл байж болно)
- Тухайн агентлагийн сайт руу орж байгууллагын нийтлэлийн бодлого, танилцуулга, холбоо барих хэсгийг нягтлах
- Наргиа, хошин шог, егөөдөл эсэхийг шалгах
Б.ИРЭЭДҮЙ