Өнөөдөр /2020.02.04/ Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олголтыг олгохоор болжээ.
Иргэдийн урамшууллын буцаан олголт олгож эхэлсэн 2017 онд нийт 499.7 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2020 онд 911 707 иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох урьдчилсан тооцоо гараад байна.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд дотоодын барааны НӨАТ-ын орлого 2019 онд анх удаа 1,088.3 тэрбум төгрөгт хүрч, НӨАТ-ын тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлсэн 2016 оны түвшнээс 96.7 хувиар нэмэгдлээ гэж засгаас мэдээлж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олгох аж.
Албан татварын урамшууллын буцаан олголтыг олгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцсоны үндсэн дээр баталгаажуулдаг.
2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийг урамшууллыг эрсдэлтэй гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа аж.