Экс Ерөнхийлөгч Эво Моралесыг Боливын “Социализмын хөдөлгөөн” нам парламентын Сенатчдын танхимын суудалд өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтад оруулжээ. Эво Моралес нь одоогоор Аргентинд орогнож байгаа бөгөөд нэгэн радио станцад өгсөн ярилцлагадаа парламентын гишүүнд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа өмнө нь зарлаж байсан юм.

Карлос Меса тэргүүтэй сөрөг хүчнээс өнгөрөгч 10 дугаар сарын 20-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар том хэмжээний будилаан дэгдээсэн гэж мэдэгдсэний дараа Эво Моралес цэргийнхний дарамт шахалтаар төрийн тэргүүний суудлаа өгч, улсаасаа зугтан гарсан юм. Үүний дараа Боливын төрийн ихэнх удирдлага огцорч, засгийн эрх Сенатын дэд дарга, сөрөг хүчний Жанин Аньест шилжсэн билээ.

Энэхүү түр засгийн газар шинэ сонгууль явуулахаар болсноо зарласан бөгөөд энэ сонгуульд Моралесыг нэр дэвших гэж байгааг Боливын Сонгуулийн хорооны сайтад даваа гарагт нийтэлжээ. Моралесын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь хориглосон тул Аргентинаас “Социализмын хөдөлгөөн” намаа удирдаж байна.

Гадаадад орогнож байгаа экс Ерөнхийлөгч Кочамбамба мужаас сенатад нэр дэвшигчдийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Мягмар гарагт Боливын Сонгуулийн дээд шүүхээс намууд болон нэр дэвшигчдийн өгсөн мэдээллийг шалгаж эхлэх бөгөөд энэ сарын 23-нд сонгуульд нэр дэвших хүмүүсийн албан ёсны жагсаалтыг гаргаж, тавдугаар сарын 3-нд сонгууль явуулахаар төлөвлөжээ.

Эво Моралесын парламентын сонгуульд оролцох үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан төлөөлөгчийг нь Боливын засаг захиргаа саатуулсан ба цэргийн дэвтэр гээд бүх бичиг баримтыг нь хулгайлсан гэж үзэж байсан юм. Гэсэн ч экс Ерөнхийлөгчийг нэр дэвшигчээр бүртгэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтыг хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн гэж “Социализмын хөдөлгөөн” намаас мэдээлжээ.

Харин Боливын түр Засгийн газраас Моралесыг нэр дэвшвэл энэ асуудлаар гомдол гаргах болно гэж Дотоод хэргийн сайд Артуро Мурильо мэдэгджээ. Мөн түүний Боливт бослогод уриалсан хэргээр баривчлах тогтоол хэрэгжиж байгаа гэдгийг сануулжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн