Тэрбумтан Илон Маскийн ээж, 71 настай загвар өмсөгч Мэй Маск урт нас, сэтгэл өөдрөг байх тухай “Эмэгтэй хүн төлөвлөгөө бүтээдэг” нэртэй номоо гаргажээ. Энэ номын хэсгээс хүргэе.
“Би яагаад өтлөхөөс айдаггүй вэ?”
Магадгүй, миний амьдралын 10 жил тутам өмнөхөөсөө илүү дээр байсан болохоор тэр байх.
Миний 20 нас гурван сайхан хүүхэд төрүүлснээс бусдаар бол аймшигтай байсан. Нөхөр манайг үгээр болон биеэр зовоодог байсан.
Миний 30 нас ч амар амгалан байсангүй. Би нөхрөөсөө салж, хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн юм.
Миний 40 нас амьд гарахын төлөө гэсэн нэг л зүйлийн төлөө байсан.
50 насандаа би Нью-Йоркт ирж, бизнесээ эхлүүлэх гэж оролдсон.
60 насандаа л бага зэрэг тэнвэржиж эхэлсэн. Хүүхдүүд, ач зээ нар, ажил гээд. Харин одоо 70 насандаа би хэзээ ч байгаагүйгээр эрэлт хэрэгцээтэй хүн болчихоод байна.
Төсөөлж ч чадахгүй байгаа хэдий ч би яг одоо үнэхээр их аз жаргалтай байна.
Салалт, хувийн ажил, өөр хот, улс, тив рүү нүүсэн гээд амьдрал маань эрс өөрчлөгдөх бүрт надад үнэхээр аймшигтай байсан.
Хүүхдүүд маань оройн хоолон дээрээ самрын тостой талх идээд хонох үе бишгүй байсан. Тахианы махыг би долоо хоногт нэг л удаа авч чаддаг байлаа. Түүнийгээ төмс, ногоотой холиод хоол хийхэд л жинхэнэ найр наадам болж байгаа мэт байсан. Гэвч энэ бүгд л надад болон үр хүүхдүүдэд минь ийм үеэ үнэлж, сайхан бүгдэд баярлахад сургасан. Та олон хүндрэл бэрхшээлтэй тулгарч, таны амьдрал хүссэн шиг чинь байхгүй ч байж мэднэ. Гэхдээ та үргэлж бүгдийг өөрчилж чадна.
Азгүй амьдралдаа, эсвэл ядарсан ажилдаа хүлэгдэх хэрэггүй. Өтөлж хөгшрөхөөс бүү ай, үүнийг тоодоггүй найз нөхөдтэйгөө харьц. Таныг хайрладаг, тантай байхад сонирхолтой санагддаг хүмүүстэй уулзаж, цагийг хамт өнгөрөө. Яагаад гэвэл та тэдэнтэй байхдаа дур булаам, ухаалаг, илүү өөртөө итгэлтэй байдаг юм.