ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр ЭМЯ-наас зарласан хэвлэлийн хуралд мэдээлэл өглөө.
Тэрбээр “ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-дад чиглэл өгөөд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. БНХАУ-ын Цагаан сар өнгөрснөөс хойш 5,200 иргэн эх орондоо ирээд байгаа. Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 орчим иргэн ирсэн бол өнөөдрийн байдлаар Эрээнд 150 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргасныг хил нэвтрүүлэх ажил эхлээд байна. Автозамын боомтоор иргэдийг хил нэвтрүүлэх ажил хоёрдугаар сарын 5-наар дуусаж, 6-наас агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлнэ.
Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлээрэй. Аливаа асуудал гарахад бүртгэлтэй иргэдтэйгээ холбогдоход хялбар бөгөөд шуурхай байдаг. Зарим улс орон хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь манай улсын иргэдэд нөлөөлж болохуйц байгаа учраас үүнтэй холбоотой мэдээллийг иргэддээ хүргэн ажиллаж байгаа.
Монгол Улсын иргэн хаана оршин суугаагаасаа үл хамааран төрийн ивээлд оршино. Тиймээс “харласан” буюу хууль бусаар оршин суугаа иргэн зөвхөн БНСУ гэхгүй бүх улсад байгаа манай ЭСЯ, Консулын газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.
Гэхдээ БНХАУ-д үлдэх хүсэлтэй иргэдийг хүчээр татан авчрах боломжгүй. Иргэдийн хүсэлт дээр үндэслэн явагдаж байгаа ажил гэдгийг бас тодотгон хэлмээр байна” гэлээ.