Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 17387 болж, нийт 361 хүн нас баржээ. Вирусийн халдвар авсан 2296 хүний биеийн байдал хүнд байгаа бол 475 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Сүүлийн нэг хоногийн дотор 2829 хүн шинээр халдвар авсан байна. Одоогийн байдлаар, 21558 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нэгдүгээр зэргийн хавьталтай 152.7 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.
Филиппин улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан нэг хүн нас барснаар нас баралт бүртгэгдсэн анхны гаднын орон болжээ. Ухань хот сэжигтэй болон хавьталтай иргэдийг хөл хорионд оруулахаар боллоо.
-Тайландын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр, тус улсад халдварын 19 тохиолдол бүртгэгдсэнээс найман өвчтөн бүрэн эдгэрчээ. Халдварын сэжигтэй 382 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж.
-Өмнөд Солонгосын үйлдвэрүүд эмнэлгийн амны хаалтыг хоногийн 24 цагаар үйлдвэрлэхээр болжээ. Ингэснээр, хоногт үйлдвэрлэх амны хаалтын тоог 10 саяд хүргэх гэнэ. Хамгийн сүүлийн мэдээллээр, өдгөө тус улсад нийт 31.1 сая ширхэг амны хаалт худалдаанд байгаа юм.
-АНУ сүүлийн 14 хоног БНХАУ-д зорчсон гаднын иргэдийг хилээр оруулахыг хоригложээ. Гэхдээ энэ хязгаарлалт АНУ-д хамаатнуудтай иргэд болон нисэх багийн гэр бүлд хамаарахгүй. Хятадын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон АНУ-ын иргэд 14 хоногийн хугацаанд карантилагдах гэнэ.
-Ойрх Дорнодын дөрвөн улс коронавирусийн халдварласан тохиолдлыг илрүүлэх хүчин чадалтай гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус бүс нутгийн Египет, Иран, Иордан, Сири зэрэг арван улсад лабораторын ийм боломжийг олгохоор болжээ.
-ОХУ Хятад улсын чиглэлийн галт тэрэгний олон улсын үйлчилгээг бүрэн зогсоожээ.
-Шинэ төрлийн коронавирус дэлгэрсэнтэй холбогдуулан Европ дахь Ази гаралтай хүмүүс арьс өнгө, үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхагдах болжээ. Тэдэнд алхдаг вирус мэтээр хандах болсон байна. Канадад гурван хятад хүүхдийг гадуурхсан хэрэг гарсан бол Шинэ Зеландад Сингапурын нэгэн иргэн мөн арьс өнгөөр гадуурхагдсан тохиолдол гарчээ.
-Энэ мягмар гарагаас эхлэн Өмнөд Солонгос сүүлийн 14 хоногт Хубэй мужид зорчсон гаднын иргэдийг хилээрээ оруулахыг хориглохоор болжээ. Харин тус мужаас ирж буй Өмнөд Солонгосын иргэд эх орондоо буцан ирэхээсээ өмнө сайн дураар гэртээ хоёр долоо хоногийн турш өөрсдийгөө тусгаарлах ёстой гэнэ.
-Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд үйлчлэх нэг мянган ор бүхий шинэ эмнэлгийг эмнэлгийг хүлээлгэн өгчээ. Даваа /2020.02.03/ гарагаас эхлэн тэнд 1400 цэргийн эмч нар үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Мөн зориулалт бүхий хоёр дахь эмнэлэг ирэх лхагва /2020.02.05/ ашиглалтад орох гэнэ.
Эх сурвалж: ОБЕГ