Байгаль дэлхий хүн төрөлхтнийг үргэлж гайхамшигт үзэгдлүүдээрээ бишрүүлж байдаг. Энэ удаа дэлхий дээр байгаа далай, тэнгисүүдийн сонин хачнаас танилцуулъя. Хоёр өөр тэнгис, далай зэрэгцэн орших ховор үзэгдэлүүд юм.
Карибын тэнгис ба Атлантын далай
Америк тивийн Карибын тэнгисийн бүсэд орших Багамын арлуудын улс нь 700 гаруй арлаас бүрдэнэ. Эдгээр арлууд дундаас Эльютера арал нь хоорондоо нарийн зурвас газраар холбогдох ба үүнийг Шилэн цонх хэмээн нэрлэх гүүр юм. Энэ нарийн зурвас хоолойн зүүн тал нь Атлантын их далай бол баруун тал нь Карибын тэнгис оршино. Уг арлын хоёр талд байгаа их ус ердөө 9 метр зурвас хуурай газраар тусгаарлагдах боловч холилддоггүй ажээ.
Умард тэнгис ба Балтын тэнгис
Европ тивийн Ютландын хойг дээр орших Дани улсын Скаген хот бол дэлхий дээрх их усны бас нэгэн гайхамшгийг илтгэн харуулсан газар юм. Ютландын хамгийн хойд үзүүрт орших элсэн шаргал далайн эрэг бүхий Скаген арлын орших тус газарт Балтын тэнгис болон Умард тэнгисүүд “уулзах” цэг юм. Хоёр тэнгисийн их ус энд нийлэх боловч найрлага болон бусад шинж чанар ялгаатай ажээ. Энд та хоёр өөр их усыг зэрэгцэн оршиж байгааг харж болно.
Номхон далай – Тасманы тэнгис
Шинэ Зеланд улсын Умард арлын хойд үзүүрт орших Аупоури хойг нь Тасманы тэнгис болон Номхон далай хоёрын зааг болдог. Энэ хойгийн үзүүрт Номхон далай Тасманы тэнгистэй нийлэх боловч мөн л хоёр их ус хоорондоо холилдохгүй зэрэгцэн оршино.
Ливийн тэнгис – Эгийн тэнгис
Грек улсын эзэмшилд орших Родос арал нь Газар Дундын тэнгист орших Эг болон Ливийн тэнгисийг зааглана. Родос арал нарийн зурвас хуурай газраар Прасониси аралтай холбогдох ба энэ зурвас газрын зүүн талд Ливийн тэнгис орших бол баруун талд нь Эгийн тэнгис байдаг. Газар Дундын тэнгисийн дорно хэсэгт орших уг хоёр тэнгисийн усыг Прасонсигийн зурвас хуурай газар холбоно.
Их далай – мөсөн ус
Хойд Америкийн Аляскийн буланд орших их усны гайхамшигт үзэгдэл. Энд хоёр тэнгис далай “уулзах”-гүй боловч байгалийн өвөрмөц үзэгдлийг харж болно. Аляскийн хойгийн эрэг орчмын мөс хайлж далай руу нийлж буй нь ийн хоёр өөр усыг харах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл хоёр өөр нягтралтай ус нийлж байгаа үзэгдэл юм.
Бэлтгэсэн: Б.Бямбабаяр