Эдийн засагчид тэтгэврийн шинэчлэлийн талаар ярьж байгаа ч тэдний санал санаачлага, гарц гаргалгааг улстөрчид бодлогодоо тусгах хүсэлгүй байна. Харин улстөрчид нийгэмд тулгамдаж байгаа энэхүү асуудлаар хэсэгхэн хүнээс болтугай оноо авах гэсэн тоглолтыг хийдэг. Энэ талаар СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэвлэлд өгсөн яриандаа ийнхүү дурьдсан байдаг юм.
Тэрбээр “Тэтгэврийн шинэчлэлийн талаар Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг холбоо, иргэд, эдийн засагчид гээд бүх л хүн ярьж байна. Сүүлийн 20 жил ярилаа, дорвитой хэрэгжсэн зүйл алга.
Эсрэгээрээ тэтгэврийн даатгалын сан улсын төсвийн томоохон нэг хэсэг болчихсон. Түүгээрээ дамжуулаад улс төрчид тэтгэврийн даатгалын тогтолцоог сайжруулах биш улс төрийн оноо авах, нийгмийн тодорхой хэсэгт хандсан, шийдвэр гаргаж байна. Үүний нэг жишээ нь, тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудал.
Мөн энэ оноос хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж тэтгэвэр авах боломж бүрдүүлж байгаа явдал юм. Өнгөц харахад иргэнд ээлтэй шийдвэр мэт боловч тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоо болон эдийн засагт хортой шийдвэр гаргаж, сангийн алдагдлыг нэмэгдүүлэх, улам доройтох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Ийм учраас хамгийн эхний шийдэл нь тэтгэврийн шинэчлэлийг улс төрийн түвшинд зоримог хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн тэтгэврийн тогтолцоог улсын төсөв, улстөрчдийн нөлөөллөөс аль болох холдуулах шаардлагатай. Үүний нэг гарц нь хуримтлалын тогтолцоонд шилжих.
Тэгэхээр гол гацаа нь улс төрийн хүрээнд байна. Улстөрчдөд шахалт үзүүлж, иргэдэд тэдний төлж байгаа шимтгэл өөрийнх нь ирээдүйг хамгаалах ёстой, мөн сонгогчдоос оноо авах гэсэн улстөрчдийн шийдвэр байх ёсгүйг ойлгуулах хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр, өнөөгийн нөхцөл байдлыг ихэвчлэн иргэдтэй холбон тайлбарлах хандлага нийгэмд мэр сэр байдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Тэтгэвэр авч байгаа иргэдийг хэн ядуу болгосон, нийгмийн энэ доройтлын гол буруутан нь хэн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Сүүлийн 20, 30 жил сайн засаглалтай байсан бол иргэд ядуу, дорой амьдрахгүй байсан. Тийм учраас улс төрийн сайн нам, сайн засаглал бий болгохоос бүх асуудал эхэлнэ” хэмээжээ.
Н.БАТАА