Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудыг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргасан. Гэхдээ Монгол Улсын экспорт, импорт зогсохгүй бөгөөд Монголын эдийн засагт чухал нөлөөтэй нүүрсний экспортыг хийж буй компани, аж ахуйн нэгжүүд коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх ёстойг анхааруулж байна.
Энэ дагуу “Гашуун Сухайт Авто Зам” ХХК нүүрс тээврийн жолооч нарт амны хаалт, гар ариутгагч, резин бээлий үнэ төлбөргүй олгож халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн гэрээт цагдаагийн хэлтэс, Гашуун сухайт Хилийн цэрэг, Гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан албан хаагч, хилийн бүсийн засмал болон шороон замын жолооч нарт амны хаалт, гар ариутгагчийг үнэ төлбөргүй тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байна.