Шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний энэ өдөр эх орондоо шилжүүлэн авч ирлээ.
Тэднийг 10:18 цагт МИАТ ТӨХК- ийн Г.Баатарцогт ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй тусгай үүргийн нислэгийн баг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд амжилттай тээвэрлэн авчирсан юм. Эрсдэлтэй бүс нутгаас ирж буй учир эдгээр иргэдийг мэргэжлийн эмч, хяналтын багийнхан стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тусгай бэлтгэсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулаад байна.
Оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлах юм. Тэд шинэ коронавирусын халдваргүйг БНХАУ-ын Ухань хотоос манай талд хүлээлгэн өгөхдөө мэдэгдсэн болно.
БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-ны Консулын газар Хятадын талын холбогдох байгууллагуудтай хамтран харилцан ойлголцож ийнхүү амжилттай зохион байгууллаа. Ухань хотоос ирсэн оюутнуудын ар гэрийнхэн дэлхий нийтэд түгшүүр төрүүлж буй шинэ коронавирусын дэгдэлтийн голомт бүс нутгаас иргэдээ эх орондоо татан авч ирж буйд Монгол Улсын засгийн газарт талархалаа илэрхийлж байв.
Ухань хотод нийт 33 Монгол иргэн байснаас 32 нь оюутан нэг нь бага насны хүүхэд байсан. Үүний 30 насанд хүрэгч, нэг хүүхэд нийт 31 иргэн эх орондоо ирж, хоёр оюутан өөрийн хүсэлтээр үлдээд байна. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53.000 ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм. Түүнчлэн эх орондоо ирсэн оюутнуудын эрүүл, аюулгүй байдал, эрх чөлөөг хүндэтгэн үзэж, нүүр царайг гаргах, овог нэрийг зарлахаас сэргийлж мөн онцгой нөхцлийн дэглэмийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хязгаарлалтын бүсэд ажиллуулсан болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан оюутнууд эхнээсээ цахим орчинд пост оруулсныг бүхэн эхээр нь хүргэе.
Сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа.
Сайн байцгаана уу.
Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хилийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж ямар нэгэн халдвар аваагүй гэж үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ.
Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье.
Удахгүй тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн чадах хэрээрээ нийтлэл бичин оруулах болноо.
Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарын нарийн хяналтан доор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх.
Өчигдөр орой Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа өнлөр хариуцлагатай зохион байгуулагдаж яг одоо ХӨСҮТ-ийн дулаахан сайхан энергитэй өрөөнүүдэд бид ирснээр өндөрлөж байна. Оюутан бид хүн ардын эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрээр тус тусдаа тусгаарлагдаад байна.
Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байхнээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхавдээ.
Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо ч уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа.
Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаардагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.
Одоо гол зүйлдээ орье.
Ухань хотоос надтай хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар надруу яаралтай холбогдохыг хүсэж байна. Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа ба тэд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн Монгол дугааргүй байна.
(би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү.)
Тиймээс ахин сануулъя оюутнуудын маань гэр бүлийнхэн надтай яаралтай хувь чатаар холбогдоорой.
Цаашаа share лэн дамжуулж өгнө үү.
Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа.
Монголын ард түмэн, төр засгийнхаа “Монгол иргэнээ” гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй, МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.
А. Золбоо
2020.02.01
МОНГОЛ УЛС, ХӨСҮТ