АНУ-ын Засгийн газар өчигдөр сүүлийн 14 хоногийн хугацаанд Хятадад зорчсон гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилготой энэхүү түр хугацааны хориг нь Америкийн иргэний гэр бүлийн гишүүд болон АНУ-д байнга оршин суух эрхтэй хүмүүст хамаарахгүй юм байна.
Харин Хятадын Хубэй мужид сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчоод эх орондоо буцаж ирж байгаа Америкчуудыг хоёр долоо хоног хүртэл хугацаанд олон нийтээс тусгаарлахаар болжээ. Хятадын бусад бүс нутгаас ирж буй АНУ-ын иргэд хилийн боомт дээр эрүүл мэндийн шалгалтаар орох ба 14 хүртэл хоногийн хугацаанд өөрөө өөртөө хөл хориг тогтоож, бусдад халдвар тараах аюулаас сэргийлэх үүрэг хүлээж байна.
Шинэ журам Ням гарагаас эхлэн хэрэгжих бөгөөд Хятадаас ирэх бүх нислэгийг зөвхөн Нью Йорк, Атланта, Сиэтл, Хонолулу, Лос Анжелес, Сан Франциско, Чикаго гэсэн долоон хотын нисэх буудалд хүлээж авахаар болжээ. Өчигдөр АНУ-ын гол гурван агаарын тээвэрлэгч болох Delta, American, United Airlines компаниуд Хятад улс руу хийх бүх нислэгээ тур хугацаагаар зогсоож байгааг зарлажээ. Харин Хятадын авиа компаниуд АНУ руу нислэгээ хэвийн үргэлжлүүлэх юм байна.
Хятадын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр шинэ коронавирусийн халдварын далд үе нэгээс 14 хоног үргэлжилж байгаа гэнэ. Халдвар авсан хүнээс энэ хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байх боломжтой. Нэгдүгээр сарын 21-нд АНУ-д анхны халдвар тээгч илэрсэн бол өнөөдөр нийтдээ зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Пүрэв гарагт тус улсын анхны хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдсэн. Чикаго хотын иргэн 60 гаруй насны эмэгтэй өнгөрсөн сард Ухань хотоос гэртээ эргэж ирэхдээ халдвар авсан нь тогтоогдсон бол нөхрөөс нь саяхан халдвар илэрсэн юм. Өнөөдөр өглөөний байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нийтдээ 11,288 хүрснээс 11,156 нь эх газрын Хятадад, үлдсэн нь дэлхийн бусад 22 улсад оногдож байна. Халдварын улмаас нас барсан хүний тоо 258 хүрсэн нь бүгд эх газрын Хятадад байгаа юм.
Эх сурвалж: Business Insider, South China Morning Post