-Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас мал дархлаажуулдаг компанид мөнгө шилжүүлж байв-
Зэвсэгт хүчний жанжин штабын эрх бүхий албан тушаалтнууд энхийг сахиулагчдыг дархлаажуулах хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар манай сонин өнгөрсөн оны тавдугаар сард мэдээлж байв. Афганистанд Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд манай энхийг сахиулагчид олон жил үүрэг гүйцэтгэж буй. Уг ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдыг шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг халдварт өвчнөөс сэргийлж, явахаас нь өмнө дархлаажуулж, вакцин уулгаж, тарьдаг. Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас дээрх ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын IX ээлжийн бие бүрэлдэхүүнд хийсэн вакцинжуулалтын байдалд төлөвлөгөөт бус шалгалт оруулаад алба хаагчид нь их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүйг тогтоон АТГ-т шилжүүлсэн юм.
Энэ хэрэгт холбогдуулан ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, хошууч Б.Дуламсүрэн, тус хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч, хошууч Д.Сарантуяа, мөн газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч их эмч, улсын байцаагч, дэд хурандаа С.Базаррагчаа болон уг албанд ажиллаж байгаад нас барсан, дэд хурандаа Т.Д нарт Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 18.7-1-т заасан “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Бэлтгэсэн: Д.Дайчин