Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Иймд:
Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,
Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.
Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.