Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 31-р хурал болж байна. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлуудаас иргэдийн анхаарлыг ихээр татаж байгаа нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах тухай журмыг шинэчлэн батлах тухай юм.
Хэрэв энэ журам батлагдвал нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлтийн нэгдсэн стандарттай болж, нийслэлийн есөн дүүрэг нэгдсэн нэг стандарттай болох юм. Ингэснээр аль ч дүүргийн иргэн байсан ижил төрлийн үйлчилгээ авах боломжтой болох юм.
Мөн энэ журамд тусгагдсан нэг чухал асуудал бол шөнийн тээвэрлэлтийн асуудал юм. Хогийг шөнийн цагаар тээвэрлэж эхэлснээр ажлын бүтээмж нэмэгдэх, цаашлаад нийслэлийн өнгө үзэмжинд хүртэл сайнаар нөлөөлнө гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ.