УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг” хаалттайгаар хэлэлцэж байгаад сая завсарлалаа. Чуулган ийнхүү завсарласан шалтгааныг Н.Номтойбаяр гишүүн хэвлэлийнхэнд мэдээллээ.
Тэрбээр “Нууц санал хураалт явуулсан. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал нь 2019 оны 12 сарын 10-ны өдрийн хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Хуралдаан дээр хоёр шийдвэр зөрж, тогтоолын төсөл уналаа. Нэг үгээр хэлбэл намайг бүрэн эрхээс түдгэлзүүлэх албажуулсан шийдвэр нь унасан учраас МАН-ын бүлэг хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэхээр завсарлага асан.
Ер нь бол намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ төр барьж хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна. Мөн Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар намайг зохион байгуулалттайгаар нийгэмд буруу ойлгуулах ажлыг хийж байна.
Тиймээс би өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Ингээд хэн яагаад намайг ингэж зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгээд байгаа асуудлын учрыг олно” гэв.