Ираны Лалын хувьсгалт гвард энэ сарын 8-нд Ирак дахь Америкийн цэргүүд байрлаж байсан байгууламжуудад пуужингийн цохилт өгсний дараа Америкийн цэргийн 50 алба хаагч тархины гэмтэл авсан тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны шинэ тайланд мэдээлжээ.
“Өнөөдрийн байдлаар Америкийн 50 алба хаагч тархины гэмтэл авсан оноштой байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийнхоос 16-аар нэмэгдсэн” гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Томас Кэмпбелл мэдэгдсэн байна.
Гэмтэл авсан цэргийн алба хаагчдын 31 нь Иракт эмчлэгдэж, үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол 18 цэргийг Герман руу шилжүүлжээ. Цэргүүдийн тархины гэмтлийн хэлбэр өөр өөр байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Энэ сарын 3-нд Иракийн нийслэл Багдад хотын нисэх онгоцны буудалд АНУ агаарын цохилт өгсний улмаас Ираны Зэвсэгт хүчний командлагч Касем Сулеймани амиа алдсаны хариуд Иран энэ сарын 8-нд Ирак дахь Америкийн цэргийн баазуудад пуужингийн цохилт өгсөн билээ.