Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы орчимд лиценз олгосноос уул уурхайн компани олборлолт хайгуул хийж эхэлсэн байна. Энэ асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломжгүй болсныг Завхан аймгийн засаг дарга хэлэв.
2002 онд Отгонтэнгэр хайрханы бэлд “Монгол майнинг энд эксплорейшн” компанид лиценз олгосон бөгөөд “Цахир булгийн шороон ордын нөөц” нэрээр бүртгэгджээ. Отгон суманд үүнээс гадна хэд хэдэн лиценз олгогджээ. Нутгийн иргэд, хангайн нурууны ноён оргил, төрийн тахилгат хайрханы орчимд лиценз олгосныг эсэргүүцэж Ашигт малтмалын газар болон холбогдох газруудад хандсан байна.
Гэтэл “Лицензтэй талбай нь ус, ойн сангийн давхцал байхгүй, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтай газарт ордоггүй учраас лиценз цуцлах үндэслэл байхгүй” гэсэн хариу мэдэгдэж байжээ.
Өчигдөр төрийн ордонд болсон аймгийн удирдлагуудын уулзалтын үеэр энэ асуудлыг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хөндсөн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана” гэдгээ мэдэгдсэн юм.