БНХАУ-д гараад буй шинэ төрлийн коронавирустэй холбогдуулан ЭМЯ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Түүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 196 орон мөрддөг. Хил хаахыг аль нэг байгууллага дангаараа шийдэх боломжгүй. Шаардлагатай тохиолдолд ДЭМБ харилцагч орнуудтайгаа ярилцаж шийднэ. Одоогоор Ухань хотыг хэсэгчилсэн тусгаарлалт тогтоогоод байна.
Шинэ төрлийн вирус тул эхлээд тандалт, судалгаагаа сайтар хийх ёстой. Хил хаах нь Дэлхийн эдийн засаг, хүмүүсийн амьдралд ихээхэн нөлөөлдөг тул яаран хязгаарлалтын арга хэмжээ авдаггүй. Тухайн өвчний үе шатаас хамаарах тул нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дараа, дараагийн удаад ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна” гэлээ.
Мөн “Женевт хуралдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хорооны байр суур, шийдвэрийг бид анхааралтай хүлээсэн. Тус хорооноос олон улсын түвшинд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсээгүй гэж дүгнэсэн байгаа. Иймд хил гааль, ямар нэг аялал жуулчлалд хорио тавихгүй. Мөн сургууль хаагдахгүй. Аливаа шинэ халдвар тодорхой хугацаанд буюу шинжлэх ухаан, анагаах ухааны салбар таньж мэдэн, оношлуур, вакцин хийх хүртэл анхаарал татсан үе нь үргэлжилдэг.
Ид дэгдэлтийн үе төгсгөл рүүгээ ирж байгаа гэж найдахаас өөр замгүй байна. Оношлуур гарсан, хэдийгээр өвөрмөц эмчилгээ гарч амжаагүй байгаа ч гэсэн вирусийн халдварыг дархлаагаа хэвийн байлгаснаар даван туулж эдгэдэг гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтнүүд хэллээ.
2003 онд SARS мөн анхаарал татаж гарч ирж байсан бол одоо байдаг л нэг вирусийн халдварт өвчин болсон гэж нэмж хэлж байлаа.