Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас өнөөдөр Берлин хотноо зарласан 2019 оны Авлигын Индексээс харахад дэлхийн улсуудын гуравны хоёрт авлигатай хийх тэмцэл удааширч ухралт гарсан байна. Энэ хандлага хөгжингүй орнуудад ч мөн адил байгаа гэнэ.
2019 онд дийлэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гарсангүй
180 орныг хамруулан 13 хүртэлх эх сурвалж мөн бизнесийн удирдах ажилтны санал асуулгаар 0-100 онооны хооронд тодорхойлсон нь энэ жилийн онцлог бөгөөд улс орнуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо байна.
2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс орон оноогоо сайжруулсан бол Канад, Австрали, Никарагуа зэрэг 21 улс оноогоо бууруулсан тоонд орж байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгаа нь судалгаанаас харагдаж байгааг тайланд дурджээ.
Улс төр ба Авлига
Улс төрийн намын мөн сонгуулийн санхүүжилтын хууль эрх зүйн орчин ба хэрэгжилт сайн байгаа улс орнууд уг судалгаагаар өндөр оноо авсан нь харагдаж байна. Уг үнэлгээгээр 70 ба түүнээс дээш оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүй тодорхой, системтэйгаар хэрэгжиж байгаа бол 34-35 оноо авсан улс орнуудад зохицуулалт сул эсвэл зохицуулалтгүй байна.
2012 оноос хойш Авлигын индексийн оноогоо сайжруулж чадсан орнуудын 60 хувь нь сонгуулийн хандивыг эрх зүйн хүрээнд зохицуулж чаджээ.
2019 онд дийлэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гараагүй бөгөөд авлига иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлсөн жил болсоныг Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira онцолж “Авлигыг бууруулан иргэдийн амьдралыг сайжруулахын тулд улстөр дэх бохир мөнгийг хязгаарлан иргэдийг шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Илүү өргөн хүрээний зөвшилцөл хийж иргэдийн оролцоог хангаж чадсан улсуудын авлигын индекс дунджаар 61 оноо авсан бол иргэдийн оролцоог хангаагүй улс төрийн шийдвэр гаргадаг улсуудын дундаж оноо 32 байна. 2012 оноос хойш авлигын индексийн оноо нь буурсан орнууд улс төр, нийгэм ба бизнесийн төлөөлөлтэй шийдвэр гаргахдаа зөвшилцдөггүй” хэмээсэн байна.
“МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН “ХОРТ ХАВДАР” БОЛ АВЛИГА ГЭДЭГ ДЭЭР ОЛОН УЛСЫН СУДЛААЧИД САНАЛ НЭГДСЭН БАЙНА”
2019 оны үнэлгээгээр Монгол Улс 37 оноо авч, дэлхийн 180 орноос 106-д эрэмбэлэгджээ. Сүүлийн таван жилийн авлигын индексийг харвал:
- 2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87-р байрт,
- 2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,
- 2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,
- 2016 онд- 38 оноо 176 орноос 87-р байрт жагсаж ирсэн бол,
- 2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг,
- 2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93-р байрт орж, өмнөх жилээс 10 байраар урагшилсан байна.
Монгол Улс есөн эх сурвалжийг ашиглаж авлигын эрсдлийн индексийг гаргаж байгаа бол зарим орон 13, зарим нь гурван эх сурвалж ашиглаж үнэлгээгээ гаргадаг байна.
“Шилэн данс хөтлөгдөж, мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдчихсан байхад үнэлгээ буурсан байгаа нь нийт ард түмний эрх ашгийг хэр ханган ажиллаж байгаа, төрийг явцуу эрх ашгийн бүлгүүд хэр олзлон эзэмшсэн байдал дээр бууралт хийснийг илтгэж байна” хэмээн МУИС-ийн Эдийн засгийн тэхимийн эрхлэгч Б.Эрдэнэбат хэллээ.
Үнэлгээг доош татаж байгаа бас нэг хүчин зүйл нь ардчилллын судалгануудад сүүлийн жилүүдэд маш их ухралт хийсэн явдал гэдгийг Улс төр судлаач Э.Гэрэлт-Од хэллээ. Тэрбээр “Дэлхий даяар 3,000 гаруй судлаачдын оролцож хийсэн ардчиллын үнэлгээний судалгаанаас харвал манай улс оролцооны ардчилал буюу хуулийг ард нийтээрээ хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгах байдлаараа маш муу үнэлэгдсэн. Түүнчлэн сонгууль цэвэр, шударга болж чадаж байна уу үгүй юу гэдэг дээр муу үнэлэгддэг. Сүүлийн жилүүдэд авлига сонгуулийн үеэр улс төрийн намуудаар дамжиж хэрэгжиж байгаа учраас монголын ардчиллын “хорт хавдар” бол авлига гэдэг дээр олон улсын судлаачид санал нэгдээд дүгнэсэн байна.
Сонгуулиар санал худалдаж авах хууль бус үйлдэл маш их хийгддэгийг бид бүгдээрээ мэддэг. Энэ нь ардчиллыг авлигажуулж байна. Сонгууль, нам хоёр үүнийг нь идэхжүүлдэг” гэлээ.
Зөвлөмж
Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын зүгээс авлигыг бууруулж улс төрд итгэлцлийг бий болгохын тулд дараах зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна.
- Хяналт эрх мэдлийн тэнцвэрийг зохистой байдлаар хэрэгжүүлэх
- Төрийн алба болон Төсвийн зарцуулалтыг ашиг сонирхолын зөрчлөөс ангид байлгах
- Улс төрийн санхүүжилтийг хянаж, санхүүжүүлэгчээс улс төрд нөлөөлөх нөлөөлөөс урьдчилан сэргийлэх
- Төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа үүсэж болох ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах
- Лоббиг зохицуулах, нээлттэй оролцоотой шийдвэр гаргах
- Сонгуулийг шудрага явуулах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх
- Иргэд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, шугэл үлээгчид ба сэтгүүлчдийг чадавхжуулж эрхийг нь хамгаалах