Үхань хотод Монгол Улсын 19 оюутан байна гэх тоо байна. Элчин сайдын яаманд 10 хүний бүртгэл байгаа хэдий ч бүртгэлийг үргэлжлүүлж буй гэнэ. Өнөөдрөөс тус хотод олон нийтэд нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож, тэнд оршин суугчдыг нэн шаардлагатай биш бол хотоос гарах хорио тогтоосон аж.
Хятад Улсын Элчин сайдын яамнаас гадна Шанхай, Хөх хот, Эрээн хот гэх мэт бүх дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тэнд буй оюутан, зорчиж буй иргэдэд тухай бүрт нь сэрэмжлүүлж шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй, олон нийтийн газар зорчихгүй, амны хаалт зүүж гараа сайтар угаахыг ГХЯ зөвлөж байна.
Мөн Үхань хотод зургаан их дээд сургуулийн 250 гаруй Монгол оюутан сурдаг. Хятадад цагаан сарын баяраа угтан дээд сургуулиудын хичээл нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын дунд үе хүртэл амардаг. Иймд тус улсад сурдаг Монгол оюутан эх орондоо ирээд амарч байна. Эх орондоо ирсэн монгол оюутнуудын тухайд сургуулийнх нь амралт сунгагдсан эсэх талаар нарийн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэлээ.