Хүмүүс яагаад улс төрд ордог вэ?
Зигмуд Фрейдийн онолын дагуу сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалтай хүмүүс улс төрд тэмүүлэх эрмэлзэл нь нэмэгддэг гэнэ. “Эдгээр хүмүүс багадаа эцэг эхийн хайр бага амссан, эсвэл бусад хүмүүсийн анхаарал халамж дутуу эдэлсэн байж болно. Ингээд нас биед хүрмэгцээ үүнийгээ нөхөхийг хүсдэг. Олон нийтийн анхаарлыг татах хамгийн сайн арга бол улс төрд орох явдал. Багадаа дутуу хайрлагдсан хүүхдүүд энэ байдлаар олны анхаарлыг татаж, өөрийгөө батлах боломжтой болдог” хэмээн Украины улстөрч Максим Жигун тайлбарлажээ.
Цааш нь ийм улстөрчид “урвуу үр дүнгийн үйлдэл” хэмээх сэтгэл зүйн ойлголтын тод жишээ болдог. Энэ нь хүн өөрийн итгэл үнэмшлийг өөрчилдөггүй, буруу гэсэн ч зүтгэсээр байдаг шинж юм.
Зарим улстөрчид өөрийн тавьсан зорилгодоо заавал зүтгэх гээд байдаг талтай. Бүх хүссэндээ хүрэх боломж илт харагдахгүй байхад л зүтгэдэг. Жишээ нь гэхэд Украины Ерөнхийлөгч асан Виктор Ющенко хоёр дахиа нэр дэвшээд ялах магадлал тун бага байсан ч сонгуульд оролцохоос татгалзаж чадаагүйг дурдаж болно. Тухайн үед тэрбээр сонгуульд нэрээ дахин дэвшүүлээд, ердөө л 6-хан хувийн санал авч байсан билээ.
Сонгогчид ч бас өөрсдийнхөө буруу итгэл үнэмшлийг хамгаалах нь цөөнгүй. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко л гэхэд төрийн тэргүүнээр ажиллаж эхлэхдээ л хүмүүст хөрөнгөтэй чинээ ихтэй бизнес эрхлэгч бол үр дүнтэй удирдагч байдаг гээд итгүүлж үнэмшүүлж дөнгөжээ. Тэрбээр өөрийгөө хангалттай хэмжээний хөрөнгөтэй болохоор авлигад холбогдохгүй, том компани тэргүүлж байсан туршлага нь улс орноо үр ашигтайгаар удирдахад тус болно гэж байв.
Гэвч цаг хугацааны явцад Порошенког сонгосон олон хүн авлига цэцэглэж, удирдлагын системд шинэчлэл хийж чадаагүйг харсан юм. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч асныг дэмжигчид түүнийг сайн удирдагч гэдэгтээ итгэлтэй байсан бөгөөд түүний хийсэн ажлын үр дүнд цаг хугацааны явцад харагдана гэж байлаа.
Сэтгэлзүйчид, социологичид “урвуу үр дүнгийн үйлдэл” хэмээн ойлголтоор хэд хэдэн удаа туршилт хийж үзжээ. 2006 онд Америкийн эрдэмтэн Брендан Найхен, Жейсон Райфлер нар ч мөн ийм судалгаа явуулсан юм. Тэд туршилтад оролцогчдод хоёр нийтлэл уншуулахаар өгчээ. Эхнийх нь АНУ Иракаас үй олноор нь устгах зэвсэг оллоо гэсэн хуурамч мэдээлэл байсан бол хоёр дахь мэдээлэл нь үүнийг үгүйсгэсэн аж.
Дараа нь эрдэмтэд оролцогчдоос аль нийтлэлд нь итгэж байгааг асуужээ. Хүмүүс өөрсдийн итгэл үнэмшилд тохирсон материалыг л үнэн гэж үзэж байлаа. Гэхдээ туршилтыг зохион байгуулагчид үнэнийг хэлсний дараа хүмүүсийн зан байдал хэрхэж байгааг илүүтэй сонирхсон байна. Хэрвээ туршилтад оролцогчдын итгэл үнэмшил бодит байдлаас зөрж байвал тэд өөрсдийнхөө буруутай гэдгийг засахыг тэр бүр хүссэнгүй. Харин ч өөрсдийнхөө хуурамч итгэл үнэмшлийг хамгаалахад бэлэн байгаа нь ажиглагджээ.
Энэ туршилтаар бодит мэдээллээс хүмүүсийг дахин итгэж үнэмшүүлэх нь тэр бүр тус хүргэдэггүй, харин ч хүн өөрийн зөв гэдэгтээ итгэх нь илүү нэмэгддэг болох нь батлагдсан юм.