Франц хэлт уншигчдад Азийн уран зохиолыг танилцуулдаг “Jentayu” сэтгүүл тусгай дугаараа Монголын орчин үеийн уран зохиолд зориуллаа.
Энэхүү цоморлогт манай ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл болох хорин уран бүтээлчийн шүлэг, хүүрнэл, эсээ багтсан бөгөөд ихэнх нь анх удаагаа франц хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн байна.
“Jentayu” сэтгүүлийн тусгай дугаар болж Парист хэвлэгдсэн энэхүү цоморлогт эдүгээ Монголын шинэ үед ид туурвиж буй ахмад дунд залуу гурван үеийн зохиолчдын бүтээлүүд, тухайлбал: Ч.Галсан, С.Оюун, Б.Догмид, Г.Мэнд-Ооёо, Ц.Түмэнбаяр, Д.Батжаргал, Х.Байыт, Г.Бямбажав, Ц.Бавуудорж, М.Уянсүх, Г.Аюурзана, Б.Эрдэнэсолонго, П.Батхуяг, Б.Ичинхорлоо, Ц.Доржсэмбэ, Б.Цоожчулуунцэцэг, Б.Золбаяр, О.Мөнхнаран, Д.Эрдэнэзулай, Ц.Ариунтуяа нарын шүлэг, өгүүллэг, эсээ нийтлэл багтсан байна.
Тус цоморлог нь Монгол орны соёл, зан заншил, уламжлал шинэчлэл, өөрчлөлт хувьсал, ялгарах онцлог тэргүүтнийг олон өнгөөр илэрхийлж буйгаараа онцлогтой болжээ.
Рафаэл Бланшие, С.Булгантамир, Лорэн Лөгрэн, Пьер Полуссэе, Б.Алтангүл, Г.Буяннэмэх, Пьер Палюсиер, Л.Чанцалням, Н.Мөнх, Н.Үүрцайх, Бужигмаа Сантаро, Р.Мөнхзул, Изалин Сонье, Г.Хишиг-Эрдэнэ, Ш.Номиндарь, Ц.Охиноо нарын Монгол, франц орчуулагчид монголоос франц руу уран сайхныг орчуулгыг бүтээсэн бол өмнөтгөл үгийг Марк Ало бичсэн байна. Ерөнхий эрхлэгчээр Жером Бушо, туслах эрхлэгчээр О.Мөнхнаран нар ажиллажээ.
Монголын Соёл яруу найргийн академи энэхүү цоморлогийг бэлтгэх ажилд бүтэн жилийн туршид хамтран ажилласан бөгөөд үндэсний оюун соёлын бүтээл франц хэлт уншигчдадаа хүрэхэд бэлэн болжээ.
Монголын уран зохиолыг танилцуулсан эл цоморлогт сонгогдсон бүтээл болгонд зориулсан чимэглэл зургийг Б.Билгүүн, Ж.Анунаран, Б.Төрмөнх, Б.Баярцэнгэл, Т.Соёл-Эрдэнэ нарын залуу зураачдад захиалж бүтээлгэсэн бол хавтасны зургаараа Монголын улсын Төрийн шагналт зураач Ц.Цэгмэдийн “Говийн аялгуу” бүтээлийг сонгожээ.