Сэтгүүлч Эрдэнбалын Ирэхбаяр өөрийн нүүр номондоо залилан мэхлэх гэмт хэргийн талаар бичсэнийг уншигч та бүхэндээ хүргэе.
Тэрбээр “Миний нэг танил барилгын компанитай. Хэдэн жилийн өмнө хамаатных нь эмэгтэйн танилцуулсан нэгэн “баян” хатагтай 100 айлд орон сууцны хороолол барих гэж байгаа гээд хашаан дотор барилгын суурь ухсан газар үзүүлээд, хөрөнгө оруулалт орж иртэл 50 сая төгрөг зээлээч, чамд ажил өгнө гэж. Ажилтай болох нь гэж итгэсэн залуу ББСБ-д байраа барьцаалан өнөөх мөнгийг нь гаргаж өгчээ. Томоохон төсөл хэрэгжүүлнэ, өнөө маргаашгүй ажил эхэлнэ гэх барилгын компаний босс энэ мэтээр нийт 57 хүнийг хүнийг хууран мэхэлж, 2,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан аж. Шүүх хурлаас түүнд 8 жил хорих ял оноосон ч хохирогчид нь одоо хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байгаа.
Энэ залилан мэхлэгч эмэгтэйн нэр Должинсүрэн, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн ахын охин гэх. Залилан хийхдээ гишүүн дүүгийнхээ нэрийг дурдаж, итгэл үнэмшил төрүүлдэг байсныг хохирогчид хэлдэг. Тэрээр 100 айлын цагаан байр хэмээх хоёр давхар долоон байшинг нурааж, дахин барилга бариад, тэдгээр байшинд амьдарч буй 320 өрхийг шинэ орон сууцанд оруулан, илүү байрнуудыг худалдах нѳхцѳл бүхий төсөл хэрэгжүүлэхээр хотын захиргаанаас зөвшөөрөл авсан “Гэзгийн худаг” ХХК-ийг З.Насанжаргал хэмээх эмэгтэйгээс худалдаж авсан байдаг. Харин З.Насанжаргал нь 2010 оноос эхлэн нийт 245 хүнээс хямд орон сууцтай болгоно гээд урьдчилгаа авч 1.8 орчим тэрбум төгрөг, мөн хуучин барилга буулгуулна хэмээн 40 гаруй компаниас 2.6 тэрбум төгрөг залилсан. Тэр эмэгтэй 2015 онд өвчний улмаас нас барснаар шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 4.4 тэрбум төгрөгийн хохирол амссан дээрх иргэд, ААН-үүд хохироод үлдсэн юм. Компанийг нь авсан Должинсүрэн түүний арга мэхийг хуулбарлаж, залилан мэхлэх үйл хэргийг нь үргэлжлүүлсэн нь тэр буюу. 2016 онд “Гэзгийн худаг” компанийн СБД-ийн 10-р хороонд барилга барих зөвшөөрлийг нь шүүхээс цуцалснаар хэзээ нэгэн цагт барилга баригдвал орон байртай болно, ядаж л өгсөн мөнгөө олоод авчихна хэмээн хүлээж байсан хүмүүсийн эцсийн найдвар унтарсан юм.
Би боддог, залилан хийж байгаа хүн бол хүний амь санаандгүйгээр /аргагүй хамгаалалт хэтрүүлсэн, авто осол гаргасан гэх мэт/ хѳнѳѳсѳн хэн нэгнээс ч долоон дор ѳѳдгүй амьтад байдаг. Учир нь тэд бусдын хѳлсѳѳ урсгаж олсон, насан турш хуримтлуулсан хѳрѳнгийг булааж авахдаа сэтгэл нь огтхон ч ѳвддѳггүй. Олон хүүхдээ арай ядан хоолонд нь хүргэж буй ѳрх толгойлсон эмэгтэй, асрах үр хүүхэдгүй ѳтѳл настан, хѳгжлийн бэрхшээлтэй иргэн гээд хэн байх нь тэдэнд хамаагүй, арганд нь автвал хэнийг ч золиослоход бэлэн байдаг нь аймшигтай.
Жил ирэх тусам залилагчдын арга мэх нарийсаж, авдаг дүн нь өндөрсөж байна. Тухайлбал, 2017 онд 6 их наяд, 2018 онд 10 их наяд, 2019 онд 13 их наяд орчим тѳгрѳг луйварчдын гарт орсон нь бүртгэгджээ. Жилд дунджаар 10 мянга орчим өмчлөх өрхийн эсрэг гэмт хэрэг бүртгэгддэг, үүний 10 орчим хувийг залилангийн гэмт хэрэг эзэлдэг аж.
ЦЕГ-аас сүүлийн жилүүдэд тодорхой сэдвийн хүрээнд олон нийтийг мэдлэгжүүлэх, сэрэмжлүүлэх кампанит ажлууд зохион байгуулдаг болсон нь сайшаалтай. Энэ удаагийн ээлжит арга хэмжээ #Ятгах_тусам_нягтал сэдвийн дор болж байгааг олзуурхав. Залилагчид ихэвчлэн цэвэрхэн, ганган хувцаслаж, үнэтэй машин хөлөглөн, бийлэгжүү дүр эсгэж, хэн хүнд олдохгүй боломжийг зөвхөн чамд л өгөх гэж байгаа юм шиг, яг л чиний амьдралыг аврах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сайн, сайхныг амлаж, чамаар эрсдэлтэй алхам хийлгэх гэж яаруулж, ятгаж буй этгээдүүдээс болгоомжил, хүмүүс минь!
Э. Ирэхбаяр