Цагдаагийн хурандаа нар авлига нэхдэг, дарамталдаг тухай “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр мэдээллэсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоо ЦЕГ-аас өнөөдөр тайлбар хийлээ.
Уг асуудалд нэр холбогдоод байгаа Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, сахилга, ёс зүйн гэмт хэргийн шинжтэй үйлдал гаргасан эсэхийг ажлын хэсэг гарган шалгаж байна.
Энэ талаар УЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажлыг хийж байна. Цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр “Бавгар” гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж, орон сууц бариулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нэг корпус нь ашиглалтад орж, нэг корпусын суурийн ажил явж байна.
Хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна” гэв.
Мөн 2015 онд 30 хувийнхаа урьдчилгааг өгөөд 5-6 жил төлбөрөө төлөөд явж байгаа алба хаагчид хохироод яваад байгаа талаар ч энэ үеэр дуулгасан юм.
Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярын хувьд 2018 онд ажлын хэсгийн ахлагчаар томилогдож, цагдаагийн алба хаагч талаасаа орон сууцны гэрээнд оролцжээ.