Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журмыг өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, хүн амд тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авсан байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15,000 төгрөг байсныг 2020 онд 30,000 төгрөг болгожээ.
Ийнхүү нийт 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах болсноор өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75.8 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.
Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг 2018 оноос өмнө улсын төсвөөс бүрэн хариуцдаг байсныг өөрчилж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарим тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг боллоо.
Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлэн, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн.
Тухайлбал, сэргээн засах тусламж, үйлчилгээ 20,000 байсныг 45,000, өдрийн эмчилгээ 30,000 байсныг 70,000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25,000 байсныг 50,000-70,000 төгрөг болгож тус тус өсгөжээ.
Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдэж, 2017 онд 694.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 964.6 тэрбум болж, 38 хувиар өссөн байна.