Зарим улс хуулиараа сонгуульд заавал санал өгөх үүрэгтэй гэж заадаг бөгөөд сонгуульд оролцохгүй бол торгуулиас эхлээд илүү хүнд шийтгэл ногдуулдаг байна. Сонгох эрхээ эдлээгүйнхээ төлөө шийтгэл өгдөг улс орнуудыг танилцуулъя.
АВСТРАЛИ: Австрлийн 1924 оны хуулиар сонгуульд заавал оролцох ёстой гэсэн үүрэг ногдуулжээ. Үүнийг зөрчвөл 13 орчим долларын торгууль төлнө. Хэрвээ тухайн хүн ямар нэгэн шалтгаанаар санал өгөх боломжгүй болчихвол үүнийгээ сонгуулийн хороонд урьдчилан мэдэгдсэнээр торгуулиас зайлсхийх боломжтой.
Сонгогч торгуулиа төлөхөөс татгалзвал энэ хэргийг Магистратуудын шүүхэд шилжүүлж, 50 австрали долларын торгуулиас гадна шүүхийн зардлыг даах шаардлагатай болно. Хэрвээ тухайн иргэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан ажил хийлгэж, хөрөнгийг нь хураах буюу 1-2 хоногоор баривчилна.
АРГЕНТИН: Сонгуульд оролцоогүй бол 20-200 долларын торгуулиас гадна төрийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр цуцалдаг.
БЕЛЬГИ: Бельгд сонгуульд заавал оролцох эрх 1893 оноос эхлэн хэрэгжиж байна. Сонгуульд эхний удаад оролцоогүй бол 50 еврогоор торгож болно. Харин сонгогч хоёр дахиа саналаа өгөөгүй бол 125 евро төлнө. Байнга санал өгөхөөс зугтдаг сонсогчид сонгох эрхээ 10 жилээр хасуулахаас гадна төрийн албан тушаалд томилогдох эрхгүй болно.
ГРЕК: Тус улсад саналаа өгөөгүйн төлөө мөн л торгууль өгөхөөс өөр аргагүй болно. Түүнчлэн 1 сараас 1жил хүртэл хорих шийтгэл ч ногдуулдаг.
ЕГИПЕТ: 2018 онд Египетийн Үндэсний сонгуулийн хороо гуравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөөгүй сонгогчдын жагсаалтыг гаргаж, тэднийг Ерөнхий прокурорын газарт шилжүүлнэ гэж байлаа. Энэ жагсаалтад орсон хүмүүсээс 500 египет фунтын хэмжээтэй торгууль авна гэж байв. Египетийн сонгуулийн хорооны мэдээлснээр 60 сая сонгогч сонгогчдын жагсаалтад бүртгэлтэй байснаас 34 сая 823 мянга нь сонгуульд ирээгүй гэнэ.
ЛЮКСЕМБУРГ: Эхний удаад саналаа өгөөгүй бол 80 доллар, хоёр дахь удаад 240 доллар төлнө. Хамгийн хатуу шийтгэл нь шүүхийн шийдвэрээр сонгох эрхийг нь түр хасах юм. Энэ эрхээ хасуулсан хүмүүсийг төрийн болон орон нутгийн албанд хүлээн авахгүй. Жишээ нь орон нутгийн төсвөөс санхүүждэг сургуульд багшлах эрх ч үүсдэггүй байна.
ТУРК, САН-МАРИНО: Энэ улсад 14 орчим доллараар торгууль ногдуулдаг. Хуулийг бүдүүлгээр зөрчсөн хүмүүст эрүүгийн шийтгэл хүлээлгэдэг байна.
Эх сурвалж: etcetera.media