Өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Тэс, Баянтэс,Тосонцэнгэл суманд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг ажиллаж, аймгийн онцгой комиссыг шуурхай хуралдуулаа.
Одоогийн байдлаар тус аймгийн 9 сум цагаан зудын байдалтай, 5 сум зудархуу гэсэн нөхцөл байдалтай байна.
Тодруулбал Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Их-Уул, Тэлмэн суманд өвөлжилт хүндэрчээ. Зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй болж, Тэс, Тэлмэн сумын зарим малчидтай холбоо харилцаа тасарсан, Төөнөтийн даваа хаагдсан байдалтай байгаа юм. Мөн зарим газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж өвс тэжээлийн дутагдалд орсон, бага настай малын хорогдол гарч, малын хөл халцрах, омруутах, хамуурах, ширэхтэх өвчлөл гарсан, төрийн үйлчилгээг үзүүлдэг сумуудын Эрүүл мэнд,Онцгой байдлын алба, ЗДТГ-ын автомашинуудад эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт 2 дахин нэмэгдсэн, Баянхайрхан сумын Минж, Төөнт багт мал хамуурсан тохиолдол илэрсэн байна.
Аймаг сумаас зам болон бэлчээр гаргах ажлыг зохион байгуулж, 800 км талбайд далпуу татжээ. Одоогийн байдлаар Тэс, Баянтэс суманд зам гаргасан бол цаашид Асгат Баянхайрхан суманд үргэлжлэх юм. Эхний ээлжид аймаг орон нутгаас 11-р сард сумын, 12-р сард аймгаас малчдад өвс тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг зохион байгуулжээ.
Ингэхдээ дундажаар 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр, 1 шуудай тэжээлийг 7000 төгрөгөөр нийлүүлжээ. Завхан аймгийн төсвөөс өвс тэжээлийн үнийн зөрүү, малчны хотонд хүргэх тээврийн зардал, зам даваа гаргах, хүн хүчний зардалд нийтдээ 125 сая төгрөгийг шийдвэрлэн зарцуулжээ.
Өвөлжилт хүндэрсэн Завхан аймагт эхний ээлжид 740 тонн өвс, 745 тонн тэжээл шаардлагатай байгааг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлж байсан юм. Энэ өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины асуудлыг шийдвэрлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, худаг ус гаргах зардлыг шийдвэрлэх саналыг ажлын хэсгийн гишүүдэд уламжилав. ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле худаг гаргах, үлийн цагаан огтонотой тэмцэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ гэдгийг хэлж байсан юм.
Тэрбээр Баянхайрхан Баянтэс сумын хамуутай малд үзлэг хийж тодорхой арга хэмжээ авах, малын эм био бэлдмэлийг хувиарлалтын дагуу авч малчдад хүргэх, өвөлжилт хүндэрсэн суманд машины дугуй, эм бэлдмэлийн төсвийг аймаг шийдвэрлэх, отроор явж байгааг малчдад хүрч ажиллах зохицуулалт хийх, хэрэгцээтэй байгаа өвс тэжээлийн тооцоог үндэслэл судалгаатай гаргаж албан бичгээр ирүүлэх үүрэг чиглэлийг өгсөн юм. Завхан аймгийн Онцгой комиссын саналыг Улсын онцгой комисст танилцуулан, шийдвэрлүүлнэ гэдгийг онцлов.
ХХААХҮЯ, ОБЕГ-ын Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцах ажлын хэсэг Завхан аймагт ажиллах үеэрээ Тэс сумын малчин Д.Ганбаатар, Баянтэс сумын малчин Б.Должин нартай уулзаж, тэдний саналыг сонссон юм.
Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
ХХААХҮЯ