Есдүгээр сараас хойш түймэрт нэрвэгдсэн ч хүчтэй аадар борооны хүчинд түймрээ унтраасан Австрали улсыг шороон шуурга нөмөрсөн тухай “The Guardian” сонин мэдээлжээ. Шуурганы улмаас хотууд харанхуйд автжээ.
Улаан тоос эргэлдсэн шороон шуурга хүчтэй салхи, аянга цахилгааны улмаас үүссэн гэнэ. Шуурга анх Шинэ Өмнөд Уэльс мужийн Нарромин хотод дэгдэж, цагт 107 км-ын хурдтай хүчтэй салхилсан учраас хурдан хугацаанд Дуббо, Паркес хотод хүрч, эрч нь бага зэрэг намжиж, цагт 94 км болжээ.
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид орсон борооны усаар ойн түймрийн үнс Маклай гол руу урсан орсны улмаас хэдэн зуун мянган загас үхсэн байна. Австралид дэгдсэн түймэрт нийтдээ тэрбум гаруй ан амьтан үхэж үрэгджээ. Түүнчлэн 1200 гаруй байшин барилга, олон сая га талбай сүйдсэн байна.