УИХ-ын дарга Г.Занданшатарын Австрали улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд казино тоглосон тухай мэдээлэл нийгэмд дуулиан тариад буй. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор уг асуудалд нэр холбогдоод байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийлээ.
Д.Тогтохсүрэн: “Казиногийн тухай хууль хэлэлцэхээс өмнө ойлголттой болбол яасан юм бэ” гэж ярилцаад орсон
Тэрбээр “УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргын хамт Австрали улсад болсон Олон улсын парламентын холбооны 28-р чуулганд оролцоод ирлээ. Энэ сарын 13-16-нд олон улсын хуралдаа оролцсон. 17-нд Сидней хотод аяллын хөтөлбөртэй байсан. 18-нд Хонконг нисээд өчигдөр орой ирсэн. 17-нд хөтөлбөрийн дагуу УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулсан. Энэ хүрээндээ олон газраар орж танилцсан. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бид гурав Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамт казино орж үйл ажиллагаатай нь танилцсан. Олон хүн бужигнасан том танхим байна лээ. Ороод, гарах хооронд бидний зургийг авсан юм байна гэж ойлгосон. Тэнд ороод удаагүй. УИХ дээр Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Казиногийн тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ УИХ амжвал Казиногийн хуулийг баталъя гэж ярилцаж байгаа юм. Бид хэд “Орж танилцаад Казиногийн тухай хууль хэлэлцэхээс өмнө ойлголттой болбол яасан юм бэ” гэж ярилцаад орсон. Бидний хувьд нууц хаагаад байх зүйл байхгүй. Элчин сайдтайгаа, сөрөг хүчнийхээ даргатай, ахмад парламентчтайгаа тоглоод сууна гэдэг хүмүүсийн санаанд буухгүй болов уу гэж бодож байна. Олонх, цөөнхөөрөө бие биедээ хяналттай явж байна шүү дээ” гэсэн юм.
Д.Эрдэнэбат: Тэнд ямар ч гишүүн тоглоогүй. Манай Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ
Тэрбээр “Би анх удаа Сиднейд очиж үзсэн. Нэгэн аялал жуулчлалын төвөөр явах зуураа казиногоор ороод гарсан нь үнэн. Харийн оронд бид нэг л монголчууд. Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрөөе гэж бодсон. Үүнийгээ өмгөөлөх, өөрсдийгөө хамгаалах шалтгаан байхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Мэдээлэл нууцлагдана гэж байхгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа нь ч зөв. Харин энэ шуугиантай холбоотойгоор хэн нэгний нэр хүндийг гутаах, иргэдийг хуваах явдал байж болохгүй.
Ороод сонирхъё гэж л бодсон. Нээлттэй казино байсан. Орж гарахад ямар нэг биеийн байцаалт шалгадаггүй юм байна лээ.
Зураг дээр Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан хүн би мөн. Би мөрийтэй тоглоогүй. Тоглох шалтгаан ч байхгүй. Тэнд ямар ч гишүүн тоглоогүй. Манай Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ” гэлээ.
З.Энхболд: МАН-ын Засгийн газар энэ дүрмээ хэрэгжүүлэх нь үү, үгүй юү харъя
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд казинотой холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр “Казино тоглосон хэргээр хэд хэдэн төрийн албан хаагчийг ажлаас нь халсан. Энэ жишгийн дагуу УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн албан хаагч. УИХ-ын гишүүн ямар нэгэн онцгой албан хаагч биш. МАН-ын Засгийн газар энэ дүрмээ хэрэгжүүлэх нь үү, үгүй юү харъя” гэжээ.