Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд буюу 2020 оны нэгдүгээр сарын 18-наас 19-ны хооронд нийт 566 дуудлага бүртгэгдсэнээс 444 зам тээврийн ослын шинжтэй дуудлага иржээ. Ослын улмаас 21 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, энэ сарын 18-нд Баянхонгор аймагт Приус маркийн автомашин осолдож, зорчигч 15 настай, эрэгтэй Б нас баржээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр долоо, гэрлийн шон мөргөх хэлбэрээр нэг, явган зорчигч мөргөх хэлбэрээр тав бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Сануулахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтсэний тав нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө нэг хором тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөн оролцохыг анхааруулж байна.