Швейцарийн Лозанн хотноо болж буй залуучуудын Өвлийн III наадмын гүйлтийн цанын тэмцээн
“Vallee de Joux Cross Country Centre”-d үргэлжилж байна.
Өчидөр (2020.01.19) гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн уралдаан явагдаж буй бөгөөд эмэгтэйчүүд 1,2 км (600 метрийн урттай замыг хоёр тойрог туулах) , харин эрэгтэйчүүд 1,5 км ( 750 м х 2) замыг туулах ёстой.
Эмэгтэйчүүдийн спринтэд гараанаас 82 цаначин гарснаас манай тамирчин Б.Номин-Эрдэнэ 3 минут 18.09 секундын амжилтаар 60 дугаар байр, Д.Урангоо 3 мин 27.22 сек амжилтаар 67 дүгээр байрт тус тус орлоо.
Энэ зайд Швейцарийн Ш.Вигген 2:46.40 амжилтаар алт, Норвегийн А.Хегген 2:47.87 амжилтаар мөнгө, Шведийн М.Русенберг 2:48.92 амжилтаар хүрэл медаль хүртлээ. Ш.Вигген өчигдөр 1,8 км-ийн чөлөөт уралдаанд мөн алтан медаль, М.Русенберг мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Эрэгтэйчүүдийн спринтэд 86 тамирчин гараанаас гарч манай цаначин О.Золбаяр 3:44.37 амжилтаар 61 дүгээр, Б.Хонгор 4:02.06 амжилт үзүүлж 74 дүгээр байрт орлоо.
Эрэгтэйчүүдийн спринтийн алтан медалийг Шведийн Э.Ангер 3:10.47 амжилтаар хүртсэн бол мөнгө, хүрэл медалийг Норвегийн ихрүүд Николай Холмбю, Александр Холмбю нар 3:10.97 болон 3:15.51 амжилтаар хүртлээ. Өчигдөр болсон 1,8 км-ийн уралдаанд Николай Холмбю алт, Э.Ангер мөнгөн медаль хүртэж байсан юм.
Дашрамд дурьдахад манай цаначин хоёр охин хоюулаа дөнгөж 15 настай бол Б.Хонгор 16, О.Золбаяр 17 настай юм.
Гүйлтийн цанын тэмцээн нэгдүгээр сарын 21-нд эмэгтэй 5 км, эрэгтэй 10 км -ийн зайн классик төрлөөр үргэлжлэн явагдах бөгөөд манай дөрвөн цаначин мөн хурд сорих юм.