Шинжлэх ухаан бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг бөгөөд эргэн тойронд болж буй үзэгдэл, тэр бүү хэл өөрсдийн бие мах бодь, оюун ухааныхаа гайхамшигт чадвар, бүтэц, үүргүүдийн тухай мэдээллийг олох боломж олгодог.
Шинжлэх ухаангүйгээр бас яагаад гэсэн асуултгүйгээр өнөөдрийн хүн төрөлхтөн байхгүй эсвэл тэс өөр амьтдын ертөнц ч байж болох байсан.
Өнөөдөр зөвхөн амжилт гаргах, технологийн шилдэг компанид ажиллахыг л цор ганц зөв зам, сонгодог мөрөөдөл гэж боддог мөн зөвхөн тэр хүрээнд ажилладаг хүмүүсийг л нийгэм даяараа гайхан биширч нээлттэй, хөгжилтэй, догь харагддаг хэлбэр, нийгмийн жинхэнэ үлгэр жишээ хэсэг гэж боддог бол та буруу бодож байна.
Чимээгүй хөдөлмөрлөдөг, хөгжил дэвшилд хүргэх алхам бүрийг өөрсдийн шантрашгүй хичээл зүтгэл, тууштай зан, мянга мянган цагийг итгэж үнэмшсэн зүйлдээ эсвэл яагаад гэсэн асуултынхаа хариултанд зарцуулдаг судлаач, эрдэмтэдгүйгээр энэ нийгмийн аль ч хөгжил дэвшил энэ түвшинд хүрэхгүй байсныг ойлгох хэрэгтэй.
Технологийн шийдлүүд, тэдгээрийн хэрэглээ нийлээд бүгд шинжлэх ухааны үндэстэй байдаг шүүдээ. Бид зүгээр л өөр өөрсдийхөө замаар явж, өөр өөрсдийнхөө аргаар хийж бүтээж байгаагаараа ялгаатай хүмүүс. Энэ нь нийгэмд илүү хэрэгтэй тэр нь нийгэмд огтоос хэрэггүй гэсэн мэргэжил ажил, чадвар одоохондоо бидэнд байхгүй.
Үр хүүхдүүдээ ч гэсэн хүмүүжүүлэхдээ, тэдгээрээс шаарддаг шалгуурууд, чадварууддаа ч бас болгоомжтой хандаасай. Таны хүүхэд заавал уран илтгэгч, авхаалж самбаатай, бизнес сэтгэлгээтэй зурагтаар хардаг, инстаграм, фэйсбүүкийн догь залуус шиг байх албагүй.
Учир нь тэдгээр хүмүүсийн онцгой чадвар нь хүмүүстэй ойлголцох, хурдан сэтгэх, оновчтой шийдэл гаргах, шинийг эрэлхийлэх гээд маш олон байдаг ч бас нийтлэг сул тал байдаг гэдгийг санаарай. Энэ бол тууштай байдал, хөгийн уйтгартай ганцхан сэдвээр бүхэл амьдралаа зориулж бүтээл гаргах, тайлбарлах чадвартай туйлын сониуч зан бас бусад зүйлсийг мэдэхгүй гэдгээ мэддэг даруу зан.
Гэхдээ уйтгартай гэх тэр жижиг жижиг алхамууд, нээлтүүд, гаргалгаа, тайлбар бүхэлдээ нийлээд шинжлэх ухааныг бүтээж байдаг.
Юутай ч дэлхий дээр хойд туйл бас урд туйл, өдөр шөнө, хүйтэн халуун, хар цагаан, хөгшин, залуу, өндөр нам гээд эрс тэс, туйл, ялгаан дунд амьдрал үргэлжилдэг гэдгийг санаарай. Таны үр хүүхэд, найз нөхөд, гэр бүл дунд шинжлэх ухаанд дуртай, түүгээрээ ажиллах сонирхолтой хэн нэгэн байгаа бол бас ойлгож дэмжээрэй.
Шинжлэх ухаан танд амьдралын утга учир, зүй тогтолыг ойлгоход тусалдаг бол та шинжлэх ухаан буюу тэдгээрийг бодит болгож байгаа судлаачид, эрдэмтэдэд бага ч гэсэн орон зай, хүндэтгэл, нөхцөл боломж олгохыг хичээгээрэй. Хэрвээ та өөрөө судлаач бол хэзээд бардам, өөдрөг, итгэл үнэмшилээр илүү хичээнгүй ажиллаарай.
Бүгдээрэнд нь хамгийн сайныг хүсье.
Судлаач пэйж хуудаснаас