Хууль бусаар тагнаж чагнасан асуудал дуулиан тарьж байсан түүх олон. Ялангуяа энэ асуудлаас болж Ерөнхийлөгчид огцорч, улс орон хоорондын харилцаа муудсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байжээ. Тэгвэл тагнуулын аппараттай холбоотой дэлхий даяар тархсан томоохон дуулиануудыг энэ нийтлэлээрээ багцлан хүргэж байна.
Баримт №1. УОТЕРГЕЙТИЙН ДУУЛИАН
1972 оны 06 дугаар сарын 17-ны орой Вашингтоны “Уотергейт” зочид буудалд таван хүн баривчлагджээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшсэн Жорж Макговерны энэ зочид буудалд байрлах штаб руу нэвтэрч орсон байна. Тэд штабын байранд тагнаж чагнах төхөөрөмж байрлуулж, ардчилагчдын баримтуудын зургийг нь авчээ.
Ерөнхийлөгч Ричард Никсон 1972 онд хоёр дахиа сонгогдсон боловч дуулиан намжсангүй. Гэмт этгээдүүд тагнаж чагнах замаар ямар зүйл мэдсэн болохыг мөрдөгчид ч илрүүлсэнгүй. Саатуулагдсан хүмүүс Никсонтой холбоотойг ч баталсангүй. Гэвч энэ асуудал эрчээ авч, улс төрийн хямралд хүргэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон 1974 онд огцорч, АНУ-ын түүхэн дэх анхны огцорсон тохиолдол болжээ. Харин “Уотергейт” хэмээх үг нь тэр цагаас хойш төрийн тэргүүнийг огцруулах улс төрийн том дуулиан гэдэгтэй ойр сонсогдох болсон юм.
Баримт №2. МОСКВА ДАХЬ ТАГНАЖ ЧАГНАХ ТӨГС БҮТЭЭЛ
1980-аад оны эхээр Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны нутаг дэвсгэр дээр Элчингийн шинэ барилга баригджээ. 1985 онд америкчууд КГБ буюу Улсын аюулгүйн хорооныхон энд тагнаж чагнах төхөөрөмж суулгасан байж магадгүй хэмээн сэжиглэж, уг барилгыг бараг бүхэлд нь нураасан байна.
1991 онд АНУ-тай харилцаа зөөлрөх үед ОХУ-ын Улс хоорондын аюулгүйн албаны дарга нь америкчуудад энэ барилгыг нэг том микрофон болж байсан гэсэн баримтуудыг гаргаж өгчээ. “Тагнуулын төгс бүтээл” гэж болох энэ барилгын ханын хавтанд барилгын хог хаягдлаас бараг ялгагдахааргүй өчүүхэн микрофонуудыг суулгасан байсан бөгөөд нэгэн цогцоор тагнаж чагнадаг, эрчим хүчээ температурын уналт, барилгын чичирхийллээс авдаг байжээ.
Баримт №3. ЕЛИСЕЙН ТАГНУУЛ
2015 оны сүүлчээр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд АНУ-ын Элчин сайдыг тайлбар хийлгэхээр дууджээ. Ингэсний гол шалтгаан нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Олландыг болон түүний өмнөх хоёр Ерөнхийлөгч болох Николя Саркози, Жак Ширак нарыг 2006-2012 онд тагнаж чагнаж байсан гэх мэдээлэл Wikileaks-т гарсантай холбоотой.
Энэ дуулиан Францын Ерөнхийлөгчийн ордон байрладаг газар буюу “Елисейн тагнуул” нэрээрээ алдаршсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Олландтай утсаар ярихдаа өмнө нь байсан байж болох практикийг хална, холбоотон улсын хоорондын харилцаанд байж болшгүй зүйл гэж мэдэгджээ. Дуулиан намжсан боловч ул мөр нь өнөө хэр нь хэвээр байна.
Баримт №4. МЕЛЬНИЧЕНКОГИЙН ХАЛЬС
Украины Соц намын тэргүүн Александр Мороз 2000 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Леонид Кучма болон хэд хэдэн өндөр албан тушаалтан сэтгүүлч Георгий Гонгадзегийн үхэлд хамааралтай байж болзошгүй аудио бичлэгийг нийтэлсэн юм.
Хэдийгээр Төрийн хамгаалалтын газрын хошууч Александр Мельниченко энэ бичлэгээ жинхэнэ эсэхийг баталж чадаагүй боловч энэ дуулиан Украины улс төрийн томчуудыг хэдэн жилийн турш доргиосон аж.
Гэхдээ л кассетын дуулианаас болж Украины Аюулгүйн алба болон ДХЯ-ны удирдлагууд ажлаа өгч, 2000-2001 оны хооронд “Кучмагүй Украин” эсэргүүцлийн хөдөлгөөн явуулах гол шалтгаан нь болсон гэнэ.
Баримт №5. АЛДАРТНУУДЫГ МӨРДСӨН НЬ
Шоу бизнес, хэвлэлийн ертөнцөд ч тагнаж чагнах асуудал цөөнгүй. Ийм хамгийн том дуулиан 2011 онд дэгдсэн юм. Daily Mirror хэвлэл Стив Куган, Хью Грант нарын жүжигчид, мөн хөлбөмбөгчин Пол Гаскойн болон хэд хэдэн алдартны утсыг чагнахыг дэмжиж байсан нь тогтоогджээ.
Энэ дуулиан Их Британийг хэдэн жилийн турш донсолгож, 2013 онд Mirror Group-ийн долоон сэтгүүлч, менежерт эрүүгийн хэрэг нээсэн аж. Хэвлэлийн газраас Хью Грантад хэдий хэмжээний мөнгө төлсөн нь тодорхойгүй ч ямар ч байсан зургаан оронтой тоо байсан гэж хэвлэлүүдэд мэдээлдэг. Пол Гаскойн л гэхэд 188 мянган фунт стерлинг авч байсан юм.
Өнөө цагт хямдхан цахилгаан чагнах төхөөрөмж худалдан аваад л хэнийг ч тагнаж чагнаж болохоор болсон. Мөн цахим баазыг нь эвдэж, мэдээллийг нь авах гээд боломж улам л нэмэгдсэн. Гэхдээ мэдээлэл бол олон нийтийн орон зайд ормогцоо томоохон дуулиан дэгдээдэг тул маш аюултай зүйл юм.
Эх сурвалж: etcetera.media
Орчуулсан Э.МАРТ