Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн (парламент) ерөнхийлөгч, хатагтай Пани Яатхотоутай уулзаж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.
Тэрбээр уламжлалт хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг онцлов. Тухайлбал, Монголын ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг Лаост гаргаж, Монголд Лаосын тариаланчид цагаан будаа, газар тариалан хамтран эрхлэх боломжтой гэв.
Хатагтай Пани Яатхотоу Монголоос амьд хонь авч нутагшуулан, амжилттай үржүүлж байгааг дурдаад, УИХ-ын даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газартаа энэ асуудлыг танилцуулна гэлээ.