Бондын зах зээлийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж нөхцлийн талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, иргэд арилжааны банкуудаас зээл авахгүйгээр хаалттай болон нээлттэй бонд гаргаж хөрөнгө оруулалт татах боломжтой.
Энэ нь дэлхий дахинд шалгарсан санхүүгийн хэрэгсэл бөгөөд Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай улсад хөрөнгийн зах зээл болон бондын зах зээл тун хангалтгүй түвшинд юм. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай хамтран Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хоёр дахь төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Бондын зах зээлийг хөгжүүлэх боломж нөхцлийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Бондын зах зээлийг хөгжүүлэх үүднээс хууль эрх зүйн тодорхой өөрчлөлтүүдийг хийх, бонд гаргах нөхцлийг хялбаршуулах талаар тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаагаа тус хорооны зүгээс илэрхийлж байлаа. Цаашид арилжааны банкуудтай өрсөлдөх хэмжээнд хүрэхийн тулд аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.