Сүүлийн жилүүдэд унтаж, амрах цаг нь багассан хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэж байна гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр халамжийн яам мэдэгдсэн байна. Тус яам 2018 оны 11-р сард иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлаар шалгалт хийж, судалгаа явуулсан судалгааг энэ онд ахин хийсэн бөгөөд үүнд 3200 гаруй гэр бүлийн гишүүдийг хамруулан хариулт авчээ.
Асуулгад оролцогчид нь 20-иос дээш насныхан бөгөөд тэдний 21.7 хувь нь унтаж амрах цаг хугацаа хангалттай биш хэмээн хариулжээ. Энэ нь 2016 оны судалгаатай харьцуулахад унтаж амрах цаг нь багассан хүмүүсийн тоо 19.7 хувиар өссөн үзүүлэлт аж.
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам 2022 он гэхэд хангалттай унтаж амждаггүй хүмүүсийн тоог 15 хүртэлх хувиар бууруулах байр суурьтай байгаа боловч энэ үзүүлэлт 10 жилийн өмнөхөөс хэтэрхий их нэмэгдсэн байна хэмээн мэдэгджээ.
Асуулгын дүнгээс харахад өдөрт 6-аас бага цагаар унтдаг хүмүүс эрчүүдийн 36.1 хувь, эмэгтэйчүүдийн 39.6 хувийг эзэлсэн үзүүлэлттэй гарчээ. Бага унтдаг эмэгтэйчүүдийн 54 хувь 50-59 насныхан аж. Тиймээс Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам “Хэрвээ өөртөө хангалттай унтах цаг гаргаж чадахгүй бол Та өвчлөлд амархан өртөж болзошгүй” гэсэн зөвлөмжийг иргэддээ өгч цаашид энэ төрлийн судалгааг нарийвчлан хийх болно хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: NHK