Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.15) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүллээ.
2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаархи санал дүгнэлтээ гаргасан байна.
Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
Дээр дурдсан Улсын Их Хурлын тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 6 сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг явуулсныг Д.Оюунхорол онцоллоо.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12.1-д зааснаар статистикийн байгууллага зөвлөлдөх асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнгийн талаархи дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлэх бөгөөд уг санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гарган, Улсын Их Хуралд хүргүүлсэн юм.
Уг зөвлөмжид дурдсанаар иргэд Үндсэн хуульд тодорхой асуудал, чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Иймд цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан.
Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заасан байдаг байна.
Улсын Их Хурлын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 45 орчим хоног үлдээд байна.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа гэв.
Иймд хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтойг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.