УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж өнөөдөр УИХ-ын даргад Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өргөн барив.
Тэрбээр өргөн барьсныхаа дараа мэдээлэл хийхдээ “Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал нэг гишүүний саналаар шийдэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын гишүүд дураараа авирласан шийдвэр гаргаж ард түмний төлөө ажилладаггүй. Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал ярихаар тогтоолын төслийг 19 гишүүний гарын үсэгтэй өргөн барихаар байгаа нь хариуцлага тооцох боломжгүй болж байна.
МАН УИХ дотроо хоёр хуваагдсан нь хэн нэгэн сайдтай хариуцлага хүлээлгэх боломжийг байхгүй болголоо. Тиймээс сайдууд нь ч маш хариуцлагагүй ажиллаж байгаа нөхцөл байдалд байна. Үүнээс гарах нэг гарц нь хуулийн төсөл өргөн барих замаар Засгийн газрын гишүүнийг огцруулах шийдэл байсан учраас УИХ-ын өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа.
Ч.Улаан сайдыг огцруулах хангалттай шалтгаан байна. Учир нь малын үнэ энэ өнгөрсөн есдүгээр сараас огцом унасан. Дунджаар нэг хонийг 125 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол 100 мянга болсон. Нэг адуун арилжихад 200 мянган төгрөгөөр өлтөг нь багассан тохиолдол гарсан нь малчдын амьжиргаанд хүндээр нөлөөлж байна.
Мал махны ханш ингэж унасан нь ХХААХҮ яамнаас махны экспортод квот олгодог болсноос бий болсон. 10 гаруй хятад голдуу эзэнтэй компанид махны экспортын квот олгодог. Эдгээр компаниуд нь 100 гаруй махны компаниас махыг нь гаргахдаа кг тутмаас найман юань буюу 3000 төгрөгний төлбөр авч гаргаж байна. Энэ квотныхоо авилгын мөнгийг бусад компаниас авч байна гэсэн үг юм.
Гэхдээ махны компаниуд нь тухайн зөвшөөрөлтэй компанид төлсөн авлигынхаа мөнгийг малчдын малын үнийг буулгах замаар нөхөж авч байгаа. Тийм учраас малын үнэ маш буурсан байна. Тухайлбал, Төлөг 100 мянга байсан бол 80 мянга болсон байна. Эм хонь 120 мянган төгрөг байсан бол 90 мянган төгрөг болсон байна. Эр хонь 160 мянгаас 130 мянган төгрөг болсон байна. Ийм байдлаар малын үнэ унасан нь авилгын мөнгийг тодорхой компаниуд суулгаснаас болж байгаа юм.
Махны экспортыг квотын асуудлаар боомилох үйл ажиллагаа нь компаниудыг санхүүгийн чадамжгүй, эргэлтийн хөрөнгөгүй болгож байна. Банкны төлбөр зээлийн хүү гээд маш олон хүнд байдал үйлдвэрлэгч компаниудад үүсч байна. Үүнийг мэдсээр байгаа олон улстөрчид байгаа ч харамсалтай нь нэг нам гэдэг шалтгаанаар нэгэндээ хариуцлага тооцохгүй байна. Тийм учраас хуулийн төсөл өргөн барих замаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг өргөн барьж байна. УИХ-ын гишүүд нээлттэйгээр хэлэлцэнэ гэдэгт итгэж байна.” гэв.