Их Британийн хааны гэр бүл өнөөдөр хуралдаж, Сассексийн гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нарыг албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хурал Сандрингхам эдлэнд болох ба Их Британийн хатан хаан II Элизабета, ханхүү Чарльз, ханхүү Уильям болон Харри нар оролцох аж. Харин Меган Маркл хуралд Канад улсаас видео дуудлагаар оролцох гэнэ.
Ханхүү Харри болон Меган нар хааны удмын үүрэг хариуцлагаа орхиж, санхүүгийн хараат бус байдлыг олж авахыг хичээж байгаа аж. Мөн тэд Их Британи болон Хойд Америкт тусдаа байх боломжийг хүсч байгаа гэнэ. Меган Марк Канадад эргэн очсоноосоо хойш ээжтэйгээ цагийг өнгөрөөн амарч байгаа бөгөөд хэзээ Их Британид ирэх нь тодорхойгүй байна.
Гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нарыг албан үүргээсээ татгалзсан явдал хэвлэлүүдийн гол мэдээний нэг болж байна. Тэднийг энэ мэдэгдлээ телевизээр цацах хүртэл энэ талаар гэр бүлийнхэн нь мэдээгүй байсан юм. Тэд Канад руу зургаан долоо хоногийн хугацаатай явсныхаа дараа ийм мэдэгдэл хийсэн нь Их Британийн хааны ордонд “цөмийн товчлуур” дарсантай адил нөлөөлсөн гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Гүн болон түүний ахайтны шийдвэрийн талаар Их Британийн хааны ордны нэгэн туслах “Хүмүүс тэдний өмнө бөхийж байсан. Тэд хүссэн хуримаа хийж, хүссэн байшиндаа амьдарч, хүссэн оффист ажиллаж, хүссэн мөнгөө олж, хүссэн ажилтнуудаа авч, хүссэн аялалдаа явж, гэр бүлийнхээ дэмжлэгийг авсан. Үүнээс өөр юу хүсэх байсан юм бэ’ хэмээн мэдэгджээ.