Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нэгдүгээр сарын 9-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал хатагтай А.Хүүкэртэй уулзсан байна.
Хоёр тал Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эспер, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон нарын Монголд хийсэн айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Мөн Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, хоёр орны хооронд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлуулах, Монголыг ФАТФ-ын “саарал жагсаалтаас” гарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар ярилцжээ.
Америкийн талаас хоёр улсын худалдааны харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэсэн байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хатагтай А.Хүүкэрийг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.