Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 06-наас нэгдүгээр сарын 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хэрэг зөрчлийн тоо буурчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын 2020 оныг “Нэг хот-Нэг стандарттай хот болгон зарлах тухай” А/01 дүгээр захирамжийг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан юм. Мөн хуралдаанаар НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 2019 оны сүүлийн 14 хоногт Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал болон 2019 онд хийгдсэн шуурхай зөвлөгөөний ирц, гүйцэтгэлийн тайлангийн талаарх мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр “Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнгөрсөн онд нийт 22 удаа зохион байгууллаа. Үүнээс өргөтгөсөн хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан байна. Нэг жилийн хугацаанд Хотын захирагчаас 350 үүрэг даалгаврыг өгснөөс нийт гүйцэтгэл 91.7 хувьтай хэрэгжлээ. 2018 онд Хотын захирагчаас нийт 191 үүрэг даалгаврыг өгч байсан бол 2019 онд 350 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулж ажилласан нь өмнөх жилийнхээс нэг дахин өссөн үзүүлэлттэй байна” хэмээн онцолсон.
Албан тушаалтнуудын танилцуулсан мэдээлэлд дурьдсанаар холбогдох байгууллагууд иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласнаар энэ шинэ жилийн баярын өдрүүддэд гэмт хэрэг зөрчлийн тоо урьд жилүүдтэй харьцуулахад эрс буурсан байна.
Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргалаа. Захирамжтай холбоотойгоор Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэг өгсөн.
Мөн зорилтот жилийн хүрээнд байгууллага нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон” хэмээн онцоллоо.
Автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа.
Мөн зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. “Автомашин хэрэглэгчдийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулаагүй бол асуудлыг нь даатгалаар түргэн шуурхай шийддэг хэлбэрийг тодорхой болгох, хариуцлагагүй жолооч нарын буруутайгаас болж, замд “зохиомол” түгжрэл үүсдэг байдлыг өнөөдрөөс эхлэн таслан зогсоо. Жолооч бүр гар утастай, гар утсаараа ослын зургаа дараад, түүнийг нь замын цагдаа, даатгалын компаниуд эх сурвалжаа болгодог байдлыг хэвшүүлж, нэн даруй зам чөлөөлөх ажлыг зохион байгуулдаг байх шаардлагатай.
Автомашин ачдаг компаниудын үйл ажиллагааг цэгцэл. Мэдээж зогсох ёсгүй газар зогссон бол ачих нь зөв. Гэхдээ жолоочид мэдэгдэлгүйгээр журмын заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ачаад явдаг байдлыг зогсоо. Цагдаагийн албан хаагчид энд тавих хяналтаа дээшлүүл. Зарим иргэдээс цагдаагийн ажилтан, албан хаагчид ачилтын ажилд хамтарч оролцож байна гэсэн гомдол, санал ирдэг.
Энэ асуудалд холбогдох газрууд хяналтаа тавьж, дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла” гээд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудыг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.
Мэдүүлэг гаргах хуулийн үйлчлэлд хамаарч байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын анхааралд
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтнуудын 2019 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг шинэчлэн гаргах хуулийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл орон даяар үргэлжилж байна.
Хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтнууд 2019 оны шинэчилсэн мэдүүлгээ гарган баталгаажуулж, харьяаллын дагуу өөрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнаар баталгаажилт хийлгэнэ үү.
Ачилтын компаниуд иргэдийн гар утсанд мэдээлэл өгдөг боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тус үүрэг даалгаварын хүрээнд нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж журамлах албанд хяналт шалгалт хийлээ.
“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар ачилтын компаниудын үйл ажиллагааг зохицуулж байгаа аж. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Харин өнөөдрөөс эхэлж автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессеж илгээдэг боллоо.
Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнуудад Жендэрийн сургалт хийлээ
Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсан байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг ХЭҮК-оос хийсэн судалгаагаар тогтоосны дагуу албан байгууллагуудад нөлөөллийн ажлыг зохион байгуулж иржээ. Энэ удаа ХЭҮК болон НЗДТГ хамтран баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийслэл, дүүргийн 120 гаруй удирдах албан тушаалтнуудыг хамруулж байна. Олон улсын түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан үзүүлэлтээр 2019 онд Монгол Улс 79 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бөгөөд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байна гэдгийг ХЭҮК-ийн Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ онцолсон юм.
Угаарын хий мэдрэгчийг түгээх ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоож ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа. Мөн утаа мэдрэгчийг өрх бүрт суурилуулж, ажилууллах заавар зөвлөмжийг тарааж ажиллахыг дүүрэг хороодын Засаг дарга нар болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газарт даалгалаа.
1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаа энэ сараас эхэлж төлнө үү. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.
Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого эхэллээ
Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн улсын ээлжит тооллого орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн тооллого нь бүртгэлд суурилсан, уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм. Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил 08:00 цагт эхэллээ.
Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусах юм. Энэ удаагийн тооллогоор нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар авто зогсоолын арчлалт, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр хийсэн болон шинэчлэн засварласан авто зогсоолуудын арчлалт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/922 дугаар захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд ачаалал үүсгэдэг нийтийн эзэмшлийн авто зогсоолуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулах замаар авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах арга хэмжээг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх санал боловсруулах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын Технологи, инновац, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөхөөр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгээс нийслэлийн Авто замын хөгжлийн газарт төлбөртэй зогсоолын журмыг шинэчлэн батлуулах үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, журмын төсөлд тусгах нэмэлт саналуудаа хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс