“English school of Mongolia” сургуулийн сурагчдадаа үзүүлсэн +18 киноны эргэн тойронд

“English school of Mongolia” сургуулийн гадаад багш вакум сургалтад хамрагдсан төгсөх ангийн охидод +18 насанд хүрэгчдийн хүчирхийлэл, садар самуун харуулсан кино үзүүлсэн тухай мэдээлэл олны анхаарлын төвд байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гадны багш ёс бус кино үзүүлсэн гэсэн мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд нэлээн хүнд тусчээ. Хүүхдүүдээ вакум сургалтанд хамруулсан эцэг эхчүүд хэрэг явдалд эмзэглэж байгаа бөгөөд тэд хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэж мөн хууль хяналтын байгууллагад ч ханджээ.
Үйл явдлыг сөхөн харвал энэ мэдээлэл анх тус сургуулийн багш монгол эмэгтэйгээс гарсан байна. Монгол эмэгтэйд өөр нэг гадаад багш “Гадны иргэн багш нь хүүхдүүдэд +18 кино үзүүлсэн” болохыг хэлээд “Монголд яадаг юм бол, манайд ийм үйлдэл хийсэн багш ажлаасаа халагддаг, сургуулийн үйл ажиллагаанд ч хортой” гэснээр мэдээлэл гадагш цацагдаж, эцэг эхчүүдийн сонорт хүрсэн талаар олон нийтийн сүлжээнийхэн мэдээлээд байгаа юм.
Лхагва гарагаас эхлэн сошиал ертөнцөд нэлээн шуугиан дэгдээсэн энэ мэдээнд өчигдөр зарим ХМХ-ээр сургуулийн зүгээс тайлбар хийж эхэлсэн байна. Масс тв-ийн сэтгүүлч тус сургуулийн үйл ажиллагааны менежер н.Мөнхжаргал гэх хүнээс тодруулга авсан байна. н.Мөнхжаргал хэлэхдээ “Мэдээлийг ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй. Хариуцлагатайгаар хэлэхэд “Тийм юм болоогүй”. Бид хууль хяналтын байгууллагад хандаад, манай хуульчдын баг ажиллаж байна” гэжээ.
Тэгвэл ТВ5 телевиз бэлтгэсэн мэдээндээ тус сургуулийн багш охидод насанд хүрэгчдэд зориулсан “The handmaid’s tale” киног үзүүлсэн талаар зарим эцэг эхчүүд гомдоллосон тухай өгүүлжээ. Мөн телевизэд мэдээлэл өгч байгаа ээжийн хувьд нэлээн бухидалтай байгаагаа илэрхийлж байв. Сургуулийн удирдлагууд мэдээг мөн л эсэргүүцэж, сургуулийн нэр хүндэд халдах гэсэн үйл явц гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Сургуулийн эргэн тойронд үүсээд байгаа нөхцөлд байдлын эцсийн хариултыг хууль хяналтын байгууллага өгөх бололтой.
Монголын боловсролын салбарт доголдол үүссэн. Гадаад хэлний сургалттай сургуулиудад гадаадын иргэд ирж багшлахдаа нийгмийн дэг журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тухай мэдээлэл тасрахгүй гарч байгаа.
Тухайлбал, хувийн сургуульд хар тамхичин гадаад багш хичээл зааж байсан асуудал дэгдэж, нийгмийг нэлээн бухимдуулаад байсан юм. Харин одоо сексийн гаж донтон хичээл зааж байгаа юм биш биз гэсэн хардлага нийтийн дунд төрж байгаа бололтой.
Боловсролын салбарт гадны ямар хүмүүс ажиллаад байгааг шалгаж, хянадаг, шалгуур тавьдаг яам, тамгын газар, мэргэжлийн байгууллага байна уу МОНГОЛД!
Гадаадын иргэн, англи хэлтэй л бол хэн ч хамаагүй ирж Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд хичээл зааж, тэдний төлөвшлийг тодорхойлж, сэтгэл зүйг нь удирдах ёстой юу гэсэн асуултыг Боловсролын яам. Нийслэлийн Боловсролын газраас асуух ёстой болжээ.
Н.БАТАА