Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Билгүүн, Э.Энхтуяа, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.
Нэхэн сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хуулиар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт долоон жил хорих ял, Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, гурван жил 6 сар хорих ял, Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, хоёр жил 5 сар хорих ялаар шийтгэсэн юм.
Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийдвэрүүдийг хэвээр үлдээв.