ЦЕГ-аас 2019 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг зарим томоохон гэмт хэргүүдийг хэрхэн шийдвэрлэгдсэн, шалгагдаж буй хэргүүдийн явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр энэ үеэр
- ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Г, А, Х нар Нигер улсын иргэн Е-тэй бүлэглэж, 2018 оны 6-р сараас эхлэн гадаадын таван улс дахь зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй 16 компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад вадьютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн.
- Мөн нэр бүхий иргэд байлдааны зориулалттай 7,400, ангийн зориулалттай 46,000 ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, бусдад зарж борлуулахыг завдсан хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүллээ.
- Монгол, БНХАУ-ын 800 гаруй иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулан хууль бусаар олсон эд хөрөнгийг илрүүлж, АТГ болон ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- Монгол Улсын иргэн З бусадтай бүлэглэж Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Сүүж уул гэх газарт эртний Хүннүгийн булшийг ухан хосгүй үнэт эдлэлийг тоносныг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
- Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх дугаар ангид цэргийн алба хаагч нас барсан хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад тус ангийн гурван алба хаагчийг холбогдуулан шалгасан. Дээр дурдсан алба хаагчдыг гэм буруутай гэж тооцон, ял шийтгэл оногдуулах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гаргасан.
Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байгаа гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авч, одоо энэ хэрэг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Хэрэг дээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, дүгнэлт гарчихсан. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж байна.
Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32,000 иргэн, 1,000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлийг мөн авч шалгаж байна.
Энэ хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн. Үүнээс дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна. Мөн түүнчлэн Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байгаа” гэдгийг хэллээ.
1 comment
Ter Serjmyadag ohiniig hulgailsan bol haraa hyanalt sul gedgiig ni meddeg humuus l hiisen. Nuguu asar mundag buu uzmerch lam nar yagaad olj uguhud ni tusalj chadahgui bna