УИХ-ын ээлжит сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Эрх баригч нам өөрсдийн тоглоомын дүрэм буюу хүссэн хувилбараа хуульд тусгаад баталчихсан.
Тэд энэ удаа 2008, 2012 оны сонгуулийн хувилбар буюу 26 тойрогтой, томсгосон можаритар тогтолцоог сонгосон билээ. Одоо ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө аймаг, дүүргүүдэд хэдэн мандаттай байхыг УИХ-аар хэлэлцэн батлах хуулийн заалттай. Тиймээс МАН дотор нэр дэвшигчдийг дагасан мандат хуваарилалт ид яригдаж байна.
Эхний хувилбар ч олон нийтэд ил болоод байгаа. Тухайлбал, энэ удаа өмнөх сонгуулиудаар нэг мандаттай байсан Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймаг хоёр мандаттай болох төлөвтэй. Түүний оронд зургаан мандаттай дүүргүүдээс хасах хувилбар яригдаж байна. Уг нь мандатыг хуваарилахдаа СЕХ-ны санал, тухайн байршлын хүн амын тоо зэргийг харгалзан үздэг.
Нийслэлд хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа гэдэг утгаараа олонхи мандат энд төвлөрөх учиртай. Гэвч МАН-ынхан энэ сонгуулиар орон нутаг руу нэлээд ач холбогдол өгч оролцох нь тодорхой байна. Тэд нийслэлийн сонгогчдоос айсан хэвээр гэдэг нь харагдаж байгаа юм. Учир нь 2008 оны УИХ-ын сонгууль яг ийм хувилбараар явагдахад хөдөөгийн тойрогт МАН, нийслэлд АН давамгай санал авч байсан түүх бий.
Энэ түүхийг МАН давтахыг хүсэхгүй, мандатын тоогоо орон нутагтаа нэмсэн нь харагдаж байна. Тиймдээ ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн дарга нараа Энэтхэг улсад эрхлүүлж яваа сураг байна. Засаг дарга нарын хувьд тухайн аймгийнхаа МАН-ын хороог тэргүүлдэг. Тиймээс намуудын хувьд энэ төвшинд ойлголцож, лобби хийх нь тун чухал билээ.
Мандат хуваарилахтай зэрэгцэн МАН-аас нэр дэвшигчдийн зарим нэрс тодорч эхлээд байна. Зарчмын хувьд мандатаа баталчихаад дараа нь нэр дэвшигчдээ тодруулна. Харин МАН зарим хүмүүст тусгайлан зориулж, мандат өгч байгаа сурагтай.
Тухайлбал, Говь-Алтай аймагт МАН-ын генсек Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр яригдаж байна. Тэнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэг тойрогт багтаж ядаад байв. Харин намаас нэг мандат өгснөөр намын гишүүнтэйгээ түлхэлцэх шаардлагагүй, өөрийн гэсэн тойрогтой болчихлоо. Мөн Дундговийн тойрог байна.
Өмнө нь нэг мандаттай байсан бол хоёр болгохоор яригдаж байна. Энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир явна гэсэн мэдээлэл бий. Д.Дамба-Очир гишүүний аавынх нь нутаг бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тус аймаг руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тэгэхээр Д.Дамба-Очир бараг тийшээ явах болов уу. Түүнээс гадна “Чагдаржав сан”-ийн тэргүүн Б.Амарсанаа тус тойрогт дэвшинэ гэсэн мэдээлэл байна.
Сүхбаатар аймгийн хувьд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэлээд ач холбогдол өгч байгаа. Мэдээж энэ удаа хоёр мандаттай болох байх. Нэг дээр нь МАН-ын дарга өөрөө ч өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл бий. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Ж.Чинбүрэн тийшээ явж магадгүй байна. Тэрээр он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан, мөн “Алтан сарнай”-н эзэн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг шинэ жилээр “Гангар хун” цомын эзэн болсон билээ. Мөн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгэхээр түүнд зориулж МАН-аас мандат хуваарилсан байж магадгүй байна.
Түүнчлэн эрх баригчид өнгөрсөн хугацаанд нам дотроо нэлээд хагаралтай байсан. Энэ нь 2020 оны сонгуульд нөлөөлөх нь тодорхой байв. Тэгвэл МАН-ын удирдлагууд нэр дэвших эрхээ хасуулсан “хар жагсаалт”-ыг ч гаргаж байгаа бололтой.
Хар жагсаалтад УИХ-ын дарга асан М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Баттөмөр нарын 25 хүний нэр байгаа тухай мэдээлэл бий. Мөн намынх нь удирдлагуудаас гадна МАН-ын зарим нэр бүхий гишүүдийг гаднаас, хууль хяналтын байгууллагын хүчээр нэр дэвших эрхгүй болгох ажиллагаа ч явагдаж байгааг үгүйсгэхгүй байна. Ийнхүү УИХ-ын сонгуулийн дүр зураг эхнээсээ гарч эхэллээ.
“Зууны мэдээ” сонин