УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны анхны хуралдаан өнөөдөр /2020.01.07/ 11 цаг 27 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.
Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар болсныг онцоллоо.
Эдгээр нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзэлнэ гэж төсөлд дурджээ.
Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгана гэж байлаа.
Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-д оруулж ирэх хугацааг тодруулахын зэрэгцээ Засгийн газарт Монгол улсын газар нутгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайн бүс нутаг болгон төрөлжүүлэн хөгжүүлэх нэгдсэн бодлого бий эсэхийг илүүтэй лавлав.
Ноён уултай холбоотой асуудалд Улсын дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан тул энэ долоо хоногтоо багтаад Улсын Их Хуралд өргөн барихаар болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Засгийн газраас хариуцлагагүй уул уурхай, замбараагүй олгосон лицензийг цэгцлэх зорилгоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллуулж, тодорхой үр дүнд хүрч байгааг гишүүдэд дуулгав.
Түүнчлэн Засгийн газрын зүгээс хариуцлагатай уул уурхай, технологийн дагуу үйл ажиллагаа явуулдаг томоохон ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдийг 100 хувь дэмжиж байгааг тодотголоо. Харин иргэдийн амьдрах орчинд нөлөөлсөн, байгаль орчныг бохирдуулсан, нөөц баялгийг технологийн дагуу ашиглаж чаддаггүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохоор тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байгааг дурдаад цаашдаа уул уурхайн бүс нутгаа тодорхой болгох асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байгаа талаар салбарынн сайд хариултдаа онцолсон.
Ингээд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.